Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2017-08-29

Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулга хийж, мэдээлэл өгөх ажлыг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас иргэдийн дунд зохион байгуулж, санал авч байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт хороо бүрт танилцуулга сургалт өрнүүлж, хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн саналыг авсан юм.


Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон УИХ-ын Тамгын газрын холбогдох хүмүүс хүрэлцэн ирж иргэдэд сургалт танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Дүүргийн иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой олон хэрэгтэй, авууштай санал санаачилгыг хэлж, идэвхитэй сайн оролцлоо.

Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтөд УИХ-ын гишүүний ёс суртахууны асуудал, эргүүлэн татах үндэслэлийн талаар тодорхой тусгаж өгөх, “давхар дээл”-ний асуудлыг нэг мөсөн хасах гэх мэт асуудлыг хөндөж байлаа.

Мөн сум хорооны Засаг даргыг иргэд нь сонгодог байх нь зөв гэсэн саналыг цөөнгүй иргэн хэлж байв. Түүнчлэн нийслэлийн хороод хүн амын хувьд хөдөөгийн сумаас 10 дахин олон хүн амтай хэрнээ өөрийн гэсэн төсөвгүй, эрх мэдэлгүй байгааг шүүмжилж, энэ талаарх зохицуулалтыг тусгаж өгөхийг хүсч байв.

Харин иргэдийн асуултад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан дэлгэрэнгүй хариултыг өгсөн юм. Юуны өмнө Үндсэн хуулийн өөрлөлтийг цаг үеийн шаардлагаар, зайлшгүй нөхцөл байдлын улмаас хийж байгаа, өмнөх парламентууд өөрчлөлт оруулах талаар ярьсаар ирсэн ч нөхцөл бүрдэхгүй байсаар өдий хүрсэн, тиймээс энэ удаа ажил хэрэг болгох нь улс орны цаашдын хөгжил дэвшилд хэрэгтэй гэдгийг хэллээ. Мөн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах, багасгах талаар тусгасан нь ямар нэгэн улс төрийн зорилго агуулаагүй, тэгээд ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2021 оноос эхлэн хэрэгжих учраас улстөржүүлж ойлгох нь өрөөсгөл юм гэдгийг учирлав.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг маш олон судалгаа шинжилгээ, гадаадын олон орны хууль, практикийг судалж, ололттой талыг тусгасан гэлээ. Түүнчлэн улс өрны өнөөгийн нийгэм, улс төрийн бодит байдалд уялдуулан, байж болох хамгийн зөв гэсэн хувилбаруудыг тусгахыг зорьсон гэдгийг хэлж байлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%