Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ХАМБЫН ОВООНД ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-09-11

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хамбын овоонд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хамтран зохион байгуулав.

Арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга н.Саруул, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн хамба лам Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав, Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга П.Нарандалай, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, “Соёмбо сүм” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ариунбуян болон бусад урлаг соёл, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.

Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан үг хэлж арга хэмжээг нээсний дараа хэлмэгдэгсдийн түүхийн гашуун үнэнийг өгүүлэх, дурсгалыг хүндэтгэх зорилготой бүтээгдсэн “Амьдрал чиний төлөө” жүжгийн хэсгээс Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид, Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёогийн цомнол “Гэрэл сүүдэр” дуурийн хэсгээс Чингис хаан одонт, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглож үзүүллээ.

Мөн улс төрийн их хэлмэгдүүлэлттэй холбоотой дурсгал болох Хамбын овоо орчмын түүхэн газар нутгийг өөрийн санаачилгаар сахин хамгаалж буй  “Соёмбо сүм” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ариунбуянд Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн 80 жил, Хэлмэгдэгсдийн өдрийг угтан Ерөнхийлөгчийн Тамгын газраас талархал гардууллаа.

Арга хэмжээний төгсгөлд Амгалан лам тэргүүтэй Гандантэгчинлин хийдийн лам хуваргууд болон бусад хийдүүдийн лам нар ном хурлаа. Мөн арга хэмжээнд оролцохоор цугларсан зочид төлөөлөгчид, иргэд 108 зул өргөж хүндэтгэл үзүүллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%