Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Л.БЯМБАДОРЖ: САРЫН ЦАЛИНГ 3-5 САЯ БОЛГОСОН ЦАГТ Л АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ ӨНДИЙНӨ

2018-10-08

Төлөөлөгч ярьж байна буландаа энэ удаа Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 9 дүгээр хорооны Засаг дарга Л.Бямбадоржийг урьж ярилцлаа.

БАЯНХОШУУ ДЭД ТӨВИЙН АЖЛЫГ МОНГОЛ ТАЛЫН УДИРДЛАГУУД ГАЦААЖ БАЙНА

-Сайхан намаржиж байна уу та. Юуны түрүүн 9 дүгээр хороонд Баянхошуу дэд төв баригдах асуудал олон жил яригдлаа.  Энэ ажил ер нь ямар шатандаа явж байна. Иргэдэд маш их хүлээлт үүсгээд байгаа ажил шүү дээ?

-Сайхан намаржиж байна. Баянхошуу дэд төв бол манай хороонд хийгдэж байгаа нэг томоохон бүтээн байгуулалтын ажил. Анх 2009 онд Азийн хөгжлийн банкнаас нийслэлийн гэр хорооллын хороодуудад төсөл хэрэгжүүлэх тухай хороодын Засаг дарга нараас санал авч байсан юм. Тэр үед миний гаргасан санал тэдний анхаарлыг татсан юм билээ. Манай хороо дүүргийн гэр хороололтой хороодуудаас онцлог ялгаатай нь дэд бүтэцтэй, цэвэр усны болон бохир, дулааны шугамтай юм. Талст эрчим гэж компани тус дэд бүтцийн ашиглалтыг хариуцаж төрийн болон зарим байгууллагуудыг дулаан, цэвэр усаар хангаж ажилладаг юм. Гэвч энэхүү дэд бүтцийн хүчин чадлыг 100 хувь ашигладаггүй, ердөө 30-40 хувийг нь л ашиглаглаад, үлдсэн 60-70 хувь нь огт ашиглалтгүй, газар булаастай байдаг гэсэн судалгаа байдаг. Энэхүү ашиглагддаггүй дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэн шинэчлээд, тус байршилд хаус болон тохилог орон сууцны хороолол байгуулах санаа төрснийгөө тэр үед Азийн хөгжлийн банкны өмнөөс судалгаа авч байсан Монгол Улсын Их Сургуулийн багш нарт тайлбарлан танилцуулж байлаа. Үүний үр дүнд Азийн хөгжлийн банкны гол удирдлагууд манай хороон дээр ирж надтай уулзаад, гэр хорооллын бусад хороодын Засаг дарга нараас сонин содон саналыг та хэлсэн байна. Таны санал бидний сонирхлыг их татсан учраас газар дээр нь танилцъя, бодит байдлыг үзье гэж ирлээ гээд ирж байлаа. Ингээд миний бие хорооны нутаг дэвсгэрээр хамт явж газар доор ашиглалтгүй байгаа дэд бүтцийг танилцуулж, аж ахуй нэгж байгууллагууд, айл өрхүүдээр явж танилцуулж байлаа.


-Төсөл хэрэгжих явц их удаашралтай байх шиг байна. Аль 2009 оноос эхэлсэн төсөл одоогоор хүний нүдэнд харагдаж баригдахаар хэмжээний хийгдсэн зүйл алга л байна?

-Бид тухайн үед Азийн хөгжлийн банктай төсөл хэрэгжүүлэхээр болоод хамгийн эхэнд дүүрэгт хүсэлт гаргасан юм. Тэр үед дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Сайханбаярт уг төслийг хэрэгжүүлэх талаар танилцуулсанаар энэ ажлын эхлэл тавигдсан юм. Азийн хөгжлийн банкнаас эхний судалгааны ажлыг хийж гүйцэтгээд, 2011 онд төсөл хэрэгжих боломжтой юм байна гэсэн тайланг гаргаж, тайлангаа тухайн үеийн нийслэлийн удирдлагуудад танилцуулсан юм. Гэтэл нийслэлээс энэ төслийг ганцхан хороонд биш нийслэлийн 17 байршилд дэд төвийн төслийг хэрэгжүүлж өгөөч гэсэн саналыг тависан юм. Ингээд 17 дэд төвийн судалгааны ажил хийгдэж, төслийн хугацаа хойшилсон юм. Азийн хөгжлийн банкны удирдлагууд нийслэлийн удирдлагуудад судалгааг гаргаж өгснийхөө дараа бид энэхүү төслийг анх санаачилсан Согинохайрхан дүүргийн 9 дүгээр хороондоо төслөө хэрэгжүүлэе, бусад дэд төвүүдээ та бүхэн хариуц гэсэн. Гэвч нийслэлээс Азийн хөгжлийн банкинд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн хариуцаж төслөө хэрэгжүүлэх хүсэлт гаргасан. Ингээд сонгуулиас сонгууль дамжуулж, улс төржүүлж, төсөл хэрэгжих талбарыг томсгож, тэлж өргөжүүлж, судалгаа хийсээр байгаад нилээд хугацааг алдсан байдаг. Өнөөдрийн байдлаар тус дэд төвд 10, 28, 7, 8 дугаар хороодын зарим хэсэг орохоор баталгаажаад төслийн ажил 2018 оны 4 сараас үерийн хамгаалалтын далан суваг болон цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилагууд баригдаж эхлээд байна.  

-Үерийн далан сувгийн ажил дуусчихсан уу?

-Үерийн хамгаалалтын далан сувгийн ажил хийгдээд саяхан дууслаа. Гэхдээ миний хувьд энэ хийж байгаа ажлуудад нь үнэхээр шүүмжлэлтэй хандаж байгаа. 2010 онд Баруун баян уулын 500 метр үерийн хамгаалалтын далан хийлгэх талаар миний бие Дэлхийн банкинд хүсэлт тавиад, далан сувгийн зургийг нь гаргаж танилцуулаад, төсөв хөрөнгийг шийдүүлээд хийлгэж байсан. 350 метр ил, 150 метр далд үерийн далан сувгийг тэр үед нэг хоёр сарын дотор л хийж байлаа. Тэгэхэд энэ даланг бүтэн зунжин хийгээд одоо гүйцэт сайн хийж дуусаагүй л байна. Өмнөх далангаас ялгараад байх юмгүй, мундаг том юм алга байна. Тэгсэн хэрнээ том оврын машинаар материалаа зөөж далан сувгийнхаа ойролцоох гудамж талбайг эвдчихээд, түүнийгээ одоо болтол засаагүй байх жишээний. Мөн явган зорчигчид үерийн далан сувгаар нэвтэрч гарах гүүрний асуудлуудыг шийдвэрлээгүйгээс иргэд маш их бухимдалтай байна. Тендер зарлалаа л гэх юм, авсан компани нь болилоо л гэх юм, дахин зарлалаа гэх юм, ингэсээр байгаад өнгөрсөн хавар эхэлчих байсан дэд бүтцийн ажил одоог хүртэл эхлээгүй л байна. Баянхошуугаа сайхан болгох гэж л санаачилж эхлүүлсэн ажил ингээд хариуцлагагүй, итгэлцэлгүй, хойрго байдлаас шалтгаалаад нэг л сайн явж өгөхгүй байна. Баянхошуу дэд төв байгуулагдана гээд тус байршил дээр гэрэлтүүлэг, тохижилтын ажил огт хийгдэхгүй хаягдаад байна. Энэ хавийн оршин суугчид гэрэл гэгээгүй, тохижилт муутай орчинд хүнд нөхцөлд амьдарч байна.


-Төсөл хэрэгжээд, дэд төв баригдаад дуусчихвал танай хороонд төдийгүй Баянхошууны айл өрхүүдэд маш олон талын ашигтай даа?

-Төсөл бол гэр хороололд амьдарч байгаа ард иргэдийн амьдралыг сайхан болгох ганцхан том зорилготой. Амьдрах орчноо сайжруулъя, хотын төвд байгаа хүмүүстэй адилхан орчинг энд бүрдүүлье, хорооныхоо иргэдийг амжиргааныхаа эх үүсвэр болсон орлого олох ажлаа өөр дүүрэг рүү очиж хийдэг орлого оруулдаг, худалдан авалт хийдэг байдлыг өөрчилье, дүүргийн татварын бааз суурийг нэмэгдүүлье гэсэн томоохон зорилготойгоор Бизнесийн төв, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, соёл урлаг, аялал жуулчлалын үйлчилгээ зонхилсон дэд төв байхаар төлөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл үндэсний бараа бүтээгдэхүүнүүдээ зарж борлуулдаг, уламжлалт эмчилгээ, сувилгаа хийдэг, амьдарч байгаа хүмүүс өөрсдөө эндээ ажлын байртай, орлогоо олдог, өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадамжтай ийм дэд төв байхаар төлөвлөсөн юм. Иргэдийн дунд судалгаа явуулахад Баянхошуу дэд төв байгуулагдаж орон сууц баригдлаа гэхэд бэлэн мөнгөө өгөөд орчих боломжтой иргэд бараг алга. Тиймээс энэ хүмүүсийг ажлын байртай болгоод, урт хугацааны зээлд хамруулж, орлогоос нь төлүүлдэг байдлаар зохицуулъя гэсэн агуулгаар эхэлсэн. Газраа үнэлж худалдаад өөр газар очиж дахин гэр хороолол үүсгэж амьдрах биш эндээ ажил, орлоготой болоод, байр орон сууцаа аваад, тав тухтай амьдрах ийм л сайхан боломжийг нээх эхний зорилго байсан. Төлөвлөснөөр бол 2020 онд хүртэл дэд бүтэц тавигдаад дуусах байх. Ингээд 2030 он хүртэл бүтээн байгуулалтууд хийгдээд явахаар төлөвлөгдсөн юм байна. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжээд, төлөвлөсөн зүйлс хийгдчихвэл өмнө нь аль ч гэр хороолол дотор хийгдээгүй, Монголдоо анхдагч бүтээн байгуулалт хамгийн том хөрөнгө оруулалтын ажил болно.

БАЯНХОШУУНД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДАЛ ЦЭГЦЭРЧ БАЙГАА

-Та бол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 3 дахь удаагаа сонгогдсон туршлагатай Төлөөлөгч. 2016 оны орон нутгийн сонгуулиас хойш Төлөөлөгчийнхээ хувиар ямар томоохон ажлыг санаачилж хийв?

-Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэн тэргүүний зорилт бол дүүргээ өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засагтай болгох, татварын орлого, бааз суурийг нэмэгдүүлэх асуудал. Үүний хүрээнд бид олон ажлыг хийж байна. Нөгөөтэйгүүр дүүргээ бүтэн гэрэлтүүлэх, хоггүй цэвэр орчинг бий болгох, хороо бүрийг сургууль цэцэрлэгтэй болгох, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг жигд хүртээмжтэй болгох гээд олон асуудал байгаа. Болосврол, эрүүл мэндийн асуудал дүүргээс хамаарахгүйгээр улс, нийслэлийн төсвөөр хөрөнгө оруулалтын ажлууд сайн хийгдэж байгаа учраас нэг үеэ бодоход манай Баянхошуунд асуудал харьцангуй цэгцэрч байгаа. Төрийн анхан шатны нэгжид ажиллан, иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудаа аль болох дэмжиж ажиллаж л байна. Жишээ нь Өрхийн эрүүл мэндийн төвдөө дүүргийн эдийн засгийн боломжид тулгуурлаад эмчилгээний тоног төхөөрөмжийн асуудлыг уламжлан шийдвэрлүүлж, эмч мэргэжилтнүүдээ гадна, дотны улс орнуудад суралцуулах, туршлага судлуулах ур чадварыг нэмэгдүүлэх сургалтанд хамруулах ажлуудыг хийж байна. Иргэдийн амьдрал ахуйд ач холбогдлоо өгөх, бодит хөрсөнд буусан ажил гэвэл Дүүргийн Засаг даргын хамтын ажиллагааны хүрээнд Австри улсын хөрөнгө оруулалтаар дүүргээ бүрэн гэрэлтүүлэх ажил хийгдэх гэж байна. Мөн хог тээврийн асуудлыг тогтвортой явуулах, дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хоггүй цэвэр орчин бүрдүүлэхийн тулд цахилгааны кодгүй, хогны мөнгө төлөхгүй байгаа өрхүүдийн судалгааг гаргаж коджуулан, хогны мөнгийг бүрэн төвлөрүүлэх ажлын судалгааг хийж байна. Албан ёсны бүртгэлтэй, цахилгааны кодтой өрхүүд хогны мөнгөө тогтмол төлөөд байдаг, цаана нь түр оршин сууж байгаа болон кодгүй өрхүүд хогны мөнгө төлөхгүй байгаагаас шалтгаалан хог тээврийн компаниуд алдагдалд орж үйл ажиллагаа нь доголдоод байна. Үүнээс шалтгаалан ил задгай хог үүсэх, орчны бохирдол ихсэх, гудамж талбайд замбараагүй хог хаях зэрэг асуудлууд ихсэх төлөвтэй байна. Үүнийг цэгцлэх ёстой. Хороодоос гаргасан судалгаагаар Сонгинохайрхан дүүрэгт 3000 гаруй кодгүй өрх байна гэж гарсан бол хог тээвэрлэгч компаниудын судалгаагаар 20 гаруй мянган өрх байна гэсэн хол зөрүүтэй тоо гараад байна. Тэгэхээр код авсан өрхүүд мөнгөө төлдөг, бусад нь мөнгө өгөхгүй шударга бус байдлыг болих цаг нь болсон. Нөгөөтэйгүүр нийслэлийн 9 дүүргээс ганцаараа татаас авдаг, өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадамж муутай ганц дүүрэг бол Сонгинохайрхан. Иймд дүүргийнхээ эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх тал дээр дүүргийн ИТХ-аас тодорхой шийдвэрүүд гаргаад, хэрэгжүүлж байгаагийн үр дүнд татвар төлдөггүй байгууллага иргэдийг илрүүлэх, тэднийг хуулийн дагуу татвар төлөх эрхийг нь нээж, хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулах боломжийг нь хангаж өгөх зэрэг ажлуудыг дүүргийн ИТХ-ын дэргэдэх ажлын хороодоос шийдвэр гарган ажиллаж байна. Томоохон ажлууд гэвэл эдгээрийг дурдах байна.

-Танай хорооны иргэдийн өмнө хамгийн их тулгамдсан асуудал юу вэ?

-Манай хороонд захын гэр хорооллуудыг бодоход асуудал харьцангуй бага гэж хэлж болно. Учир нь манай хороо хороодынхоо дунд байрладаг, тэлэх боломжгүй учраас иргэд нэмэгдэж ирэх нь бага, голдуу олон жил суурин амьдарсан уугуул айл өрхүүд байдаг. Тэгэхээр төрийн үйлчилгээг авч чадахгүй байх, хоцрох зүйл нь бага. Намаг шавартай гудамжууд, явган хүний зам, гудамж хоорондын зам гэх мэт асуудлууд бол бусдын л адил байдаг. Үүнийг төрийн болон төрийн бус байгууллага иргэдтэй хамтран боломж, чадамжиндаа тулгуурлан бага багаар шийдвэрлээд л явж байна. Баянхошуу хайрханы доод хэсэг Малчны 1, 2 дугаар гудамжны ус тогтдог, хүн зорчиход хүндрэлтэй намагтай хэсэгт өөрийн хувийн хөрөнгөөр 10 машин дайрга асгаж иргэдтэйгээ хамтран тэгшилж янзалж байлаа. Мөн энэ жил малчны 1, 2 дугаар гудамжны олон салаа хэсгүүдийг боломжоороо хэсэгчилэн засаж, сайжруулах ажлыг хийж гүйцэтгэлээ.


-Улс, нийслэлтэйгээ хэр уялдаж ажиллаж байна?

-2013 оноос 2016 он хүртэлх хугацаанд Д.Сумъяабазар гишүүн манай тойргоос УИХ-д сонгогдон, ард түмнээ төлөөлөн ажилласан. Ингэхдээ 170 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, баруун салааны бага сургууль, спорт хорооны барилгын санхүүжилт, 104-р сургуулийн өргөтгөл гэх мэт олон бүтээн байгуулалтын санхүүжилтийг төсөвт суулгуулж ажилласан нь эхнээсээ үр дүнгээ өгөөд байна. Үүний үр дүнд манай Баянхошууны хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн асуудал бараг бүрэн шийдэгдсэн гэж хэлж болно. 2016 оноос сонгогдсон УИХ-ын гишүүн эдгээр ажлуудыг түргэтгэх, дэмжлэг болох гэх мэт байдлаар хамтран ажиллаж байна. УИХ-ын гишүүн, нийслэлийн Төлөөлөгчдөө иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлуудыг уламжлаад, үр дүнд нь тодорхой ажлууд хийгдээд л явж байна.

ИРГЭД ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТИЙН ТАЛААР БОДОХОО БОЛЬЖ, МЭДЭХЭЭ Ч БАЙЖ

-Төрийн анхан шатны нэгжид удаан ажиллаж байгаа хүний хувьд игэдийн амьдралд их ойр байгаа хүн. Иргэдийн амьдрал яг ямар байна вэ?

-Ерөөсөө манай ард иргэд энэ байгаа амьдралтайгаа, амьдарч байгаа орчин нөхцөлтэйгөө эвлэрчихсэн байна. Өөрчлөлт шинэчлэлтийн талаар бодохоо больж. Мэдэхээ ч байчихаж. Ийм юм хийе, ингэе гээд шинэ юм санаачлаад гараад ирсэн нэгнээ гайхаад байдаг болчихож. Би эндээ ингээд л амьдрах ёстой, өдөр бүр энэ хогны хажуугаар, жалгаар явах ёстой, энэ харанхуй гудамжаар, гэмт хэргийн хохирогч болчихгүй шиг, гэрэл гэгээтэй дээр харих ёстой, хүүхдээ ингээд авах ёстой гээд бүх асуудалтайгаа эвлэрчихсэн байна. Тэгэхээр энэ хүмүүсийг амьдрах итгэлтэй, урам зоригтой болгох гол түлхүүр бол ердөө л цалин нэмэх. Цалин нэмээд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгаж барих асуудлыг хуульчилчих хэрэгтэй байгаа юм. Хэт тасархай баячууд, ядуус гэсэн эрс тэс давхрага үүсчихээд байгаа учраас л өнөөдрийн нөхцөл байдал үүсээл байна, ард иргэдийг хямралд хүргээд байна гэж би харж байгаа.

-Цалин нэмсэнээр аз жаргалтай амьдарна гэх гээд байна уу та?

-Ердөө л тийм. Компанийн эзэд, ажил олгогчид өнөөдөр тэрбумтнууд болчихоод байна. Яагаад гээд өөрөөсөө асуугаад нэг бод доо. Яагаад гэвэл манай баячууд, ажил орлгогчид ажилтнууддаа цалинг нь шударга өгөхгүй байна. Гэтэл гаднын ажил олгогч эзэд олж байгаа ашгийнхаа 90 хувийг үйл ажиллагааныхаа зардалд, ажилтнуудын цалиндаа зарцуулдаг, үлдсэн 10 хувийг өөртөө ашиг болгон авдаг шударга зарчмаар явж байна. Гэтэл манайд эсрэгээрээ, 40 хувийг үйл ажиллагааны зардалдаа өгөөд, хувийг нь өөртөө ашиг болгож авч байна. Ийм харгис зарчмаар явж байна шүү дээ. Ийм байхад яаж тэнд ажиллаж байгаа ажилтан сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах вэ, тэр хүний ар гэр яаж амар амгалан, аз жаргалтай байх вэ. Ийм л шударга бус шуналтай хүмүүс монголын зах зээлийг атгачихаад байгаа учраас манай иргэд залуучууд Солонгосыг, харь орныг зориод байгаа юм шүү дээ. Тэгээд үүнийг дагаад худалдан авах чадвар муудаж байна, жижиг үйлдвэрлэгчид чинь дампуураад хаалгаа барьж байна. Ийм л байгаа учраас Монгол улс маань хөгжихгүй, иргэд нь ядуу мөнгөгүй, өр зээлэнд баригдчихсан байна.

-Тэгэхээр цалингийн дунджийг хэд болгох ёстой гэж та харж байна?

-Солонгос ямар байна вэ гэхээр, хэрэглээний барааны үнэ нь манайхтай бараг адилхан гэж байгаа. Мах, талх, бензин тос нь үнийн хувьд ялгараад байх юмгүй байна. Тэгсэн хэрнээ манай улсын цалин нь Солонгосоос дор хаяж 10 дахин бага байна. Энэ чинь юу гэсэн үг вэ. Энэ л Монголчуудыг ядуу зүдүү, гутруу байлгаад, Солонгос гэсэн мөрөөдөлтэй болгоод байгаа юм.  Тэгэхээр манайх ажилтнуудын цалинг 3-5 сая болгоод, тэрийг шударга өгсөн цагт л ард түмний толгой өндийнө. Тэгээгүй цагт газар шагайсан ард түмний харц хэзээ ч дээшээ болохгүй шүү дээ. Сардаа 3-5 сая төгрөгийн цалинтай ард түмэн яах уу. Ядаж л хашаагаа сайхан янзалчихна, гэрэлтүүлчихнэ, камер тавьчихна, утаа угаартай нүүрстэй холилдоод байхгүй, утаа гаргахгүй байхаар халаалтаа шийдчихнэ. Улсаас гуйхгүйгээр ард түмний амьдрал сайхан болоод эхэлнэ. Бид энэ асуудлаа шийдэж чадаагүйгээс болоод л нөгөө ажилгүйдэл, ядуурал, архидалт, хүчирхийлэл, оюуны хоосрол бүгд үүсээд байгаа гэдгийг хүн бүр ойлгох ёстой юм.  Нэг үгээр бол энэ улс орон бүхэлдээ дампуурчихаад байна. Яг үнэндээ. Энийг бид аль нэг нам, улс төрчдөд нялзаах нь утгагүй. Цалингаа чанга барих биш үнийг чанга барих ёстой юм. Юмны үнэ нэмэгдлээ гэхээр “зах зээлийн зарчим аа” гэдэг хэрнээ, цалингаа чанга бариад, цалингийн доод хэмжээ тэд гээд тогтоочихож байгаа юм. Энэ бол маш буруу зүйл. Харин цалингийн хэмжүүрийг тогтоохдоо иргэдийн худалдан авах чадварыг унагасан цалин олгохыг хориглоно гэдэг ч юм уу эсвэл худалдан авах чадварыг алдагдуулж бага цалин өгсөн байгууллага эздэд ингэж хариуцлага тооцно гэдэг ч юм уу тийм л хууль гаргах хэрэгтэй.


-Үнэхээр Монгол хүний үнэлэмж газарт уначихаад байгаа шүү дээ. Монголчууд Монголчууддаа бага, гадныханд өндөр цалин өгдөг биз дээ?

-Үнэхээр Монгол хүний үнэлэмж газар уначихаад байгаа. Ийм л болохоор гадныхан Монголд хөрөнгө оруулаад, хямд ажиллах хүч хөлслөн ажиллуулж, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гадаад зах зээлд дээр Монголд үйлдвэрлэв гээд гаргаад зарчихад ашигтай юм байна, 280-300 төгрөгөөр сая төгрөгийн ажлыг хийлгэчихвэл надад ашигтай гэдгийг мэдэж байна шүү дээ.

-Ширхэг хадаасаа хүртэл урдаас авч байна?

-Харин тийм. Үйлдвэрлэх түүхий эд нь байна. Техник технологи, тоног төхөөрөмж нь хөгжчихсөн, дэлхийн зах зээлд дээр хангалттай байна. Бид ямар хадаас хийдэг машиныг яаж бүтээх гэж толгойгоо гашилгаж суух биш дээ. Бэлэн байгаа технологийг ашиглахгүй, нэтрүүлэхгүй, тэгээд ард иргэдийн цалин гэж олигтой юм байхгүй болохоор улс хөгжихгүй байгаа юм. Тэгээд халамжийн бодлогоор хуураад байгаа юм. Гэтэл нөгөө халамж нь ард түмний асуудлыг өргөс авсан юм шиг халамжилж чадахгүй байна шүү дээ. Амьжиргаа залгах хэрэглэгдэхүүн, 3 өдрийн хоолны мөнгө л болж байгаа юм. Группэд байгаа хүн нь тэрийгээ 20 хоног, 30 хоног идэх гээд тарчилж байна. Бодит байдал ийм л байна. Тэр нэг 21 мянга гэдэг шоу ард иргэдэд халамжаар өгсөн хэдэн төгрөгийг хэрхэн дараагийн халамжийн мөнгө өгтөл хүргэх талаар хичээл заагаад байгаа юм уу, хаашаа юм бэ. Энэ хүмүүс 21 мянган төгрөгөөр ингэж амьдарч байна, та ингэж амьдар гэж заагаад байгаа юм шиг их сонин санагддаг. Тэгээд төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс нь бүгд өр зээлтэй, цалин гэдэг зүйлийг мэдрэхээ больчихсон ийм л амьдрал байна шүү дээ. Одоо бодит байдал дээр эмч, багш, үйлчилгээний ажилтнууд, цэвэрлэгч гээд төвсийн байгууллагын ажилтнууд хамгийн хүнд амьдралтай байгаа шүү. Төрийн захиргааны албан доод ангиллаар цалинждаг албан хаагчид, үйлдвэр хувийн компанийн ажилтнууд бас байна. Хамгийн дээд тал нь 400-500 мянган төгрөг л авч байна шүү дээ. Гэхдээ хүний хөдөлмөрийг үнэлж байгаа хувийн компанийн ажилтнууд бол харьцангуй дээр амьдарч байна. Тэгсэн хэрнээ гадаадаас ажиллах хүч аваад байгаа юм шүү дээ. Тэд нарын цалинг өндөр өгөөд байгаа юм. Монгол хүний үнэлэмж газарт уначихсан. Цалингаа сайн өг, хүнээ сайн ажиллуул. Япон Солонгост өгөөд байгаа цалинг л манайд өгдөг болчихмоор байгаа юм. Тэгэхгүй болохоор Монголчууд Солонгос мөрөөдөлтэй болчихоод байна. Сэтгэл зүй, мэдлэг чадвар, сэтгэлгээ, оюун санааны хувьд бүхлээрээ уначихсан ард түмэн л болж хувираад байна шүү дээ. 3-хан сая хүнийг сэтгэл хангалуун амьдруулах боломж 1.5 сая хавтгай дөрвөлжин клометр газар нутагтай хэмжээлшгүй их байгалийн баялагтай энэ улс орнод байсаар байтал 30-хан гэр бүл баян чинээлэг болчихоод байгаа нь үнэн шүү дээ. Асуудлын гол гогцоо ард иргэдээ мөнгөтэй болгох. Мөнгөтэй хүн нүүрс түлээд, утаа гаргаад, түүндээ өөрсдөө угаартаад явахыг бодохгүй шүү дээ. Аль болох хамгийн сайн зүйлийг хэрэглэнэ, цахилгаанаар халаачихна, цэвэр бохирын асуудлаа шийдчихнэ. Агаар нь цэвэр байвал хүн нь эрүүл байна шүү дээ

-Тийм болж байтал мөн ч их хугацаа байна аа, тийм үү?

-Үүн дээр төр засаг зоригтой алхам хийгээд компаниуд ашгийн хэдэн хувиа үйл ажиллагааны зардалдаа, хэдэн хувийг ажилтнууддаа цалин болгож өгөөд байна гэдгийг судлаж шалгаж тогтоох ёстой. Тэгэхгүйгээр энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Баячууд нь жорлонгийнхоо нэг ширхэг плитаг 45 мянган төгрөгөөр худалдаж авч байхад тэр мөнгөнөөс ч бага мөнгөөр 10 хоногийн хоолоо залгуулах гэж хөдөлмөрчин, жирийн ард шаналж байна шүү дээ. Энэ бол бодит үнэн. Ажил олгогчид ухамсартай байж, баярхаж тансаглаж 45 мянган төгрөгөөр плита наахын оронд ажилтнуудынхаа цалинг нэмээд, цагт нь өгчих хэрэгтэй байгаа юм. Цалин бага, амьдрал доройгоос болж зарим хүн амиа хорлож байна, зарим нь хар залуугаараа өвчин тусаад өнгөрч байна. Үнэндээ бол нийтээрээ аз жаргалтай байж байж л жинхэнэ утгаараа аз жаргалтай байна уу гэхээс, өөрөө тансаг харшид суучихаад гадаа гараад хогон дунд гишгээд, хорт утаагаар амьсгалаад, өмхий үнэрт утуулж явлаа гээд ямар жаргал байх вэ. Би бол ингэж л боддог. Төр л үүнийг зохицуулна. Төр засаг улс орноо хөгжүүлэхгүй бол хороон дарга, дүүргийн төлөөлөгч мянга дугарч гүйгээд нэмэр алга, бахь байдгаараа л байна. Юу үнэн, энэ үнэн.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙГ ХУВААХАД БЭЛЭН БИШ БАЙНА

-Сонгинохайрхан дүүргийг хуваах асуудлыг ярьж эхлээд, хэлэлцүүлэг хүртэл явууллаа. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Миний бодлоор дүүрэг хуваагдахад бэлэн биш байна гэж бодож байгаа. Хоёр хуваалаа гэж үзэхэд нэг тал нь эдийн засгийн ямар ч чадамжгүй дүүрэг гарч ирэх гээд байгаа юм. Дан гэр хороолол, хэдэн хүнсний дэлгүүр, түргэн үйлчилгээний цэгтэй, ийм л ядуу дүүргийг цоо шинээр бий болгох нь л гэж харж байгаа. Нөгөө талд нь Мах комбинат, сүүний үйлдвэр, талх чихэр гэх мэт томоохон үйлдвэрүүд орчихож болж байгаа юм. Баянхошуу талдаа ядуу дүүрэг гарч ирэх гээд байна. Тэнэг хүн алдаагаа давтдаг гэдэг. Бид өмнө нь Октъябрын раойныг хуваахдаа Баянгол дүүрэгт хамаг л томоохон аж ахуй нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн байгууллагууд орон сууцны холрооллуудаа оруулаад хуваачихсан байдаг. Сонгинохайрхан гэдэг өөрийгөө санхүүжүүлэх чадамжгүй, нийслэлээс эдийн засгийн хувьд бүрэн хараат, татварын бааз суурь муутай дүүргийг бий болгосон. Тэр алдаагаа л одоо дахиад давтах гээд байгаа юм уу гэж л харж байгаа. Баянгол, Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн ялгаа өдөр шөнө шиг байна.

-Хуваахгүй гэхээр төрийн үйлчилгээ иргэдэд хүрэхгүй байна, хүртээмжгүй байна гэсэн зүйлийг яриад байгаа шүү дээ?

-Үндсэн хуульд дүүргийн хүн амын тоог заагаагүй учраас заавал дүүрэг хуваах шаардлага байхгүй гэж бодож байна. Монгол Улс нь нийслэлтэй байна, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гээд л заачихсан байдаг. Өнөөдөр төвийн 6 дүүргээс ганцаараа татаастай, нийслэлээс санхүүжилт авдаг дүүрэг нь ганцхан Сонгинохайрхан дүүрэг байдаг. Эдийн засгийн чадамжтай болчихсон үедээ хуваах асуудлыг ярьж болох л юм. Харин дүүрэг хуваана гэж ярихынхаа оронд Баянхошуу дэд төв шиг ийм чиглэлийн томоохон төслүүдийг, хөрөнгө оруулалтуудыг татаж, гэр хорооллуудыг хөгжүүлэх хэрэгтэй. Дан ганц Азийн хөгжлийн банкны төсөлтэй зууралдаад байх биш, өөр олон төслийг татах ёстой. Гэтэл манайхан Азийн хөржглийн банкны хэрэгжүүлэх гэж байгаа төслийг хөрсөн дээр буулгах гэж 10 жил ноцолдож байна шүү дээ. Удаан байна, арай хэтэрхий удаан байна гэж би харж байгаа. Ийм байхад улс орны хөгжил удаан байхаас яахав. Хүмүүс байж байж улс орон байна, улс орон байж байж төр засаг байна. Тэгэхээр төр засаг иргэдийнхээ төлөө ажиллах ёстой. Төр засаг зөв бодлого шийдвэр гаргаж бодит байдалд нийцүүлэн ард иргэдийнхээ амьдралыг сайн сайхан болгож чадна гэдэгт итгэлтэй байгаа.

Ярилцсанд баярлалаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%