Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

НУТГИЙН УДИРДЛАГЫН НИЙГЭМЛЭГИЙН УУЛЗАЛТ СЕМИНАР АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

2014-11-17

Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх асуудал” сургалт, уулзалт семинарыг өнгөрсөн долоо хоногийн баасан бямба гаригт “Дуган хад” жуулчны баазад зохион байгууллаа.
Энэхүү уулзалт семинарт Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх  захирал Ц.Батгэрэл нараас гадна Улаанбаатарын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгч нар оролцсон юм.

Сонгинохайрхан дүүргээс дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий, Тэргүүлэгч Ч.Сүрэнхүү, Д.Мөнхцэцэг, Төлөөлөгч Б.Баярбат, Б.Дэлгэр, Г.Сарантуяа, Г.Билгүүн, У.Эрдэнэбат болон ажлын албаны ажилтан Б.Будмаа, Ч.Батмаа, Э.Оюунболд, Э.Шаарийбуу нар оролцлоо. Мөн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Батсуурь, 4 дүгээр хорооны хэсгийн байцаагч О.Нямдорж нар оролцов. Сургалтын эхний өдөр дүүргүүдийн ИТХ-ын төлөөллүүд ГХУСАЗЗ-ын үйл ажиллгаагаа танилцуулж, цаашид энэхүү ажлаа эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. 



ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ш.БАТ-ӨЛЗИЙ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭЭ

Сургалтад “Аюулгүй Улаанбаатар”-ыг бүрдүүлэх чиглэл, зорилготой хэрэгжиж байгаа “Student police”, “ School police” төслийн үр дүнгийн талаар илтгэл танилцуулав. Мөн Монгол Улсын Их сургуулийн Хуульзүйн сургуулийн багш Ж.Жавзандулам ГХУСАЗЗ яаж ажиллах ёстой талаар илтгэл тавьж, санал зөвлөмж өгсөн юм.

Сонгинохайрхан дүүргээс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ш.Бат-Өлзий Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга илтгэлийг хэлэлцүүлэв. Тэрбээр илтгэлдээ “Сонгинохайрхан дүүргийн ГХУСАЗЗ стандарт ажлуудаа цаг тухайд нь хийж яваагийн дээр хэд хэдэн онцлог ажлуудыг зохион байгууллаа. Юуны түрүүн өнгөрсөн онд явуулсан судалгаандаа үндэслэн үр хүүхдийнхээ эрхийг зөрчдөг, хайхардаггүй, халамжилдаггүй, зоддог, гуйланчлуулдаг эцэг эхчүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авлаа. Тодруулбал, өнгөрсөн онд нийт 27 хүүхддийн есөн эцэг эхээс дөрвийнх нь эцэг эх байх эрхийг шүүхээр хасууллаа” хэмээсэн юм. Тэрбээр цааш нь дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппоро худалдааны төв орчимд биеэ үнэлэгчид цуглараад байгааг хэлээд үүнтэй холбоотойгоор ойр орчмын буудал, дэн буудлуудыг хаах ажлыг шат дараатайгаар хийж байгаа. Энэ чиглэлээр нийслэлийн цагдаагийхан ямар арга хэмжээ авах гэж байна вэ?. Дүүрэгт дэмжлэг хэрэгтэй байна гэсэн юм. 


СОНГИНОХАЙРХАНЧУУД ҮДЭШЛЭГТ МОНГОЛ ДУУНЫ ЦОМОРЛИГТОЙ ОЧИВ

Үдшийн 20:00 цагаас үдэшлэг эхэллээ. Дүүрэг бүрээс мэндчилгээ дэвшүүлэх хөтөлбөртэй байсан ба Хан-Уул дүүргийнхэн морин хуурын гайхамшгаар салхийг нь хагалж, Сүхбаатар дүүргийн төлөөллүүд Говийн ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” хэмээх сайхан дуугаар үдшийн жаврыг үргээсэн юм.

Манай дүүргийн хувьд сургалт семинарт оролцсон төлөөлөгчид Монгол дууны цоморлиг буюу поппуригаар мэндчилсэн нь тэр үдшийн онцлог үзүүлбэрүүдийн нэг байсан юм. Онцлог гэсний учир нь бусад дүүргүүд нэг хоёроороо дуулах буюу дуучид, хөгжимчид урьж мэндчилсэн бол Сонгинохайрхан дүүргийн хувьд сургалтад оролцсон төлөөлөгчид бараг багаараа оролцож дуулсан нь арга хэмжээнд ач холбогдол өгч оролцож буйг илтгэж байсан юм. 


ХӨГЖӨӨНТ ТЭМЦЭЭНИЙ ХОЁРТ НЬ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ МАНЛАЙЛЛАА

Уулзалт семинарын хоёр дахь өдөр байгаль эх дулаан элчээрээ ээсэн сайхан өглөө байлаа. Сургалтад оролцогчид өглөө эртлэн босч өглөөний дасгалаа хийж,  цай ундаа уучихаад хөгжилтэй тэмцээнүүдээр хоорондоо өрсөлдөв. Цагираг эргүүлж, дээс тоглоод, эрчүүд маань бүсгүйчүүдээ үүрэн, бөмбөг залаад хэрэндээ чамбай өрсөлдөв. Хамгийн хөгжилтэй хэрнээ  хэцүү даалгавар нь гэдэс хөлнийхөө завсар сагсны бөмбөг хавчуулан, гараа огт хүргэхгүй талбайн нэг захаас нөгөө зах хүртэл яваад, цагираг 10 эргүүлээд, дээс тоглож буцаж ирэх даалгавар хамгийн хэцүү байлаа. Гэлээ ч манай дүүрэг энэ тэмцээнд түрүүлж, гэр бүлээрээ “Өргөө” кино театрт кино үзэх эрхийн эзэд болсон юм. Үүнээс гадна багийн гишүүд нэгийнхээ ард шилжиж зогссоор талбайн нөгөө захад хүрэх даалгаврыг мөн л манай баг тэргүүлж нийт таван тэмцээний хоёрынх нь аварга болж бусад багаа хошуучиллаа.



Ийнхүү Нутгийн удирдлагын нийгэмлэг байгуулагдсантай холбоотойгоор зохион байгуулсан анхны арга хэмжээнд манай дүүргийн төлөөллүүд амжилт  дүүрэн оролцоод ирлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%