УИХ-ын намрын чуулган завсарласантай холбоотойгоор гишүүд өөр өөрийн тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонсч эхлээд байна. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өчигдрөөс дүүргийнхээ бүх хороодод хуваарийн дагуу уулзалт хийж эхэллээ. Тэрбээр энэ сарын 9-ийг хүртэл нийт 32 хорооны иргэдтэй уулзах бөгөөд өчигдөр 12, 13, 14, 15 дугаар хороо буюу нэгдүгээр хороолол, “Өнөр” бүсийн 1000 гаруй иргэнтэй уулзаж санал хүсэлт, санаа бодлыг нь сонслоо. Харин өнөөдөр 31, 18, 29, 1, 22, 2, 20 дугаар хороодын иргэдтэй уулзаж байгаа юм.
Түүнийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Нямбаатар болон
Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс албадын дарга нар дагалдан
иргэдийн асуултад хариулт өгч, шийдэх боломжтой асуудлыг газар дээр нь
шийдэж байгаа юм.
Уулзалтын үеэр 12 дугаар хорооны өндөр настан Дүгэрсүрэн “Өнгөрсөн жил гурван гишүүнийг хамт уулзалт хийж байхад ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх талаар санал хэлж байсан. Үүний үр дүн сайн сонсогдсонгүй. Ноён уулыг ухах асуудал дээр иргэд их дургүйцэж, жагсаал цуглаан хийлээ. Гэтэл энэ талаар тоож байгаа хүн алга байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зүгээс “Бид дотоод эв нэгдэл, ойлголцлыг маш чухалчлах хэрэгтэй байна. УИХ-ын 76 гишүүний дотор эх орноо худалдах бодолтой нэг ч хүн байхгүй гэж би ойлгож байна. Хамгийн гол нь ард түмэнтэйгээ ойлголцож, нүүр тулж ярихгүй байгаагаас сөрөг ойлголт байгаа гэж хараад байна” гэсэн юм.