Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Хүсэвч хясахын гачлан

2015-09-10

“...Жилийн өмнө санаандгүй байдлаар зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндийг хохироож буюу хөлийг нь хугалснаас болоод амьдын тамд унаад байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн өндөр настан машины минь урдуур гэнэт орж ирснээс энэхүү осол гарсан юм. Би ч тухайн үед тэр өвөөг эмнэлэгт хүргэн өгч бүх эмчилгээний зардлыг нь төлсөн. Энэ бүхэн мөрдөн байцаалтын үед ч нотлогдсон. Гэтэл дөнгөж амаржаад удаагүй надад шүүхээс хоёр жилийн хорих ял оноож, нялх хүүхэдтэй гэх шалтгаанаар ялыг нэг жилээр хойшлуулсан. Ингээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд байнгын дарамттай цагдаа, шүүхийн дуудсан цагт гэмт хэрэгтэн мэтээр очсоор байгаа. Хүүхдээ тэжээхийн тулд ажилд оръё гэхээр цагдаагийн байгуулллагын тодорхойлолт нэхдэг. Өнөөх тодорхойлолт дээр нь “шүүхээс ял авсан” гээд тодоос тод биччихдэг. Ингээд л өнөөдөр өөрийгөө ч байтугай хүүхдээ яаж тэжээхээ мэдэхгүй байдалд хүрээд байна...” гэж хүүхдээ тэврэн зогсох нэгэн бүсгүй ярилаа.

Яг энэ бүсгүйтэй ижил төстэй бурхшээлтэй тулгарсан буюу хорихоос өөр төрлийн ял авсан, ялаа эдэлж, нийгэмшээд суллагдсан 400 гаруй иргэн өнөөдөр уулзаж, ажлын байраар хангаж өгөхийг дүүргийн удирдлага, ажил олгогч, цагдаагийн байгууллагын алба хаагчдаас хүслээ.

Санамсар болгоомжгүй үйлдэл, нэг удаагийн алдаанаас болоод хүнд, хүндэвтэр биш гэмт хэрэгт холбогдон тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж, улмаар ажиллаж хөдөлмөрлөх эрхээ хасуулж яваа эдгээр иргэдийг дүүргийн удирдлагууд нь хүлээн авч уулзан, ажлын байраар хангах, шоронгоос суллагдаад удаагүй иргэдийг хэрхэн нийгэмшүүлэх талаар хэлэлцсэн юм.


Ажилд орох гэхээр гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэгдэж байсан гэх шалтгаанаар ажил олгогчид хавьтуулдаггүй, ингээд ажил хийхгүй мөнгө олохгүй болохоор амар хялбар аргаар мөнгө олох гэж эргээд гэмт хэрэгт өртөх, холбогдох эрсдэл үүсч байгаа” талаар тэнсэн харгалзах ялтай иргэд учирлаж байв.

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс олон ажлыг зохион байгуулдаг. Хорихоос өөр төрлийн ялтай иргэд болон суллагдаж гарч ирсэн иргэдийг нийгэмшүүлэх чиглэлд нийгмийн халамж, прокурор, хөдөлмөрийн хэлтэстэй хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Манай дүүргийн тухайд гэр хороолол ихтэй тул танхайрах, дээрэмдэх, хулгайлах төрлийн гэмт хэргийн гаралт харьцангуй өндөр байдаг. Мөн одоо үед нийгмийн стресс бухимдалтай холбоотойгоор гэмт хэргийн гаралт харьцангуй ихсэж байна шүү дээ. Гэмт хэрэгт урьд нь холбогдож байсан иргэдэд байнгын ажлын байр биш юм аа гэхэд улирал, цагийн ажил олгоход анхааран өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна” гэж Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга Ш.Бат-Өлзий ярьсан юм..


Угтаа бол хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн иргэдийг ажлын байраар хангасан аж ахуй нэгж байгууллагыг төрөөс шагнаж урамшуулдаг байна. Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах байцаагч ахмад Б.Будзаанаас тодрууллаа.

-Гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байсан иргэдийг ажиллуулсан аж ахуй нэгж байгууллагад урамшуулал олгодог гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Хорих ялыг биечлэн эдлэж суллагдсан иргэд төдийгүй шүүхээс тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн иргэд сэтгэл санааны хувьд эмзэг болж өөрсдийгөө нийгмээс тусгаарлаж эхэлдэг. Ялангуяа хорих ангиас суллагдаж гараад ирэхэд ажил ч үгүй гэр бүл ч үгүй болсон байх нь цөөнгүй. Энэ тохиолдолд тэр хүнийг ажлын байраар хангаж, хамт олонтой болгох нь нэн чухал юм. Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар шүүхээс ял шийтгэгдэж байсан хүнийг 12-оос дээш сараар ажиллуулж, нийгмийн даатгалыг нь төлүүлсэн байгууллагад тухайн ажилчны нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгодог. Өмнө нь бол ажилтан, байгууллага хоёуланд нь өгдөг байсан. Тиймээс аж ахуй нэгж, байгууллагын удирдлагуудад хандан хэлэхэд эдгээр нийгэмшссэн иргэдэд итгэн ажилд авч ирээдүйд нь тус нэмэр болохыг уриалж байна.

-Дүүргийн зүгээс улирал болон цагийн ажилд зуучлах бүрэн боломжтой гэсэн. Үнэн үү?

-Ер нь эдгээр иргэдэд зуны хугацаанд бол барилга дээр ажиллах эсвэл цагийн ажил л олддог юм. Гэхдээ хулгайлах, танхайрах, дээрэмдэх, хүчингийн төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэдэд ажлын байр олдох нь тун хэцүүхэн байдаг гэж ярьсан юм.


Ямартай ч нэг удаа алдсан гэх иргэд дахин алдахгүйгээр ирээдүйдээ итгэлтэй амьдрахын тулд ийнхүү тусламж хүсч байна. Энэхүү хүсэлтийг ажил олгогч эзнээс эхлээд шийдвэр гаргагч эрхмүүд харж үзнэ гэдэгт итгэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%