Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БИЧИГ БАРИМТЫН БОЛОН ГАЗРЫН АСУУДАЛ ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ

2015-11-13 12:08
СХД-ийн “Иргэний танхим”-ын ажилтан Д.Сүхболд:
 
БИЧИГ БАРИМТЫН БОЛОН ГАЗРЫН АСУУДАЛ ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ
 
“Иргэний танхим” байгуулахын зорилго юу байв? Байгуулагдсанаар иргэдэд ямар ач холбогдолтой байна вэ?
 
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй зохион байгуулахад иргэний оролцоо чухал нөлөөтэй. Харин иргэний оролцоог нэмэгдүүлэхэд “Иргэний танхим” онцгой үүрэг гүйцэтгэж байгаа юм. “Иргэний танхим” нь төрийн болон орон нутгийн хэмжээний бодлого шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, иргэн болон төрийн байгууллага хоорондын мэдээллийн гүүр төдийгүй мэдээлэл түгээх, харилцан солилцох хэрэгсэл, иргэдийн дуу хоолойг сонсох индэр, хамтын ажиллагааны талбар болдог. Тус танхим байгуулагдсанаар иргэд харъяа хороонд тулгамдаж байгаа асуудлаа өөрсдөө хэлэлцэж, бэрхшээлийг давж гарах арга зам юу байна, ямар байдлаар ажил хэрэгжүүлбэл шийдэлд хүрч болох талаар нэгдсэн саналаа удирдах түвшний албан тушаалтнууддаа танилцуулдаг болсон. Үүний дагуу удирдах албан тушаалтнуудын зүгээс холбогдох шийдвэрүүдийг гаргаж, тохирсон арга хэмжээ авч хэрэгжүүлэх замаар ажил үргэлжлэн явагддаг.
 
-Иргэд голдуу ямар санал хүсэлт их тавьдаг вэ? “Иргэний танхим” байгуулснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулаач?
 
Бидэнд иргэдээс ирүүлсэн 2500 орчим өргөдөл, санал хүсэлт байгаагаас бичиг баримтын болон газрын асуудал дийлэнх хувийг эзэлж байна. Тиймээс дүүргийн ИТХ-ын даргын санаачилгаар бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжуулах мөн эмзэг давхаргын айл өрхүүдийг гэртэй болгоход чиглэсэн “Шийдэл” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд айл өрхүүдэд шат дараалалтайгаар гэр олгох ажил эхэлсэн. Өөр нэг чухал зүйл бол өрх тусгаарласан мөртлөө аав, ээж эсвэл ах дүүгийнхээ хашаанд хамт амьдардаг, газрын асуудалтай залуу гэр бүл манай дүүрэгт олон байдаг. Үүнийг шийдвэрлэж, шинэ суурьшлын бүсэд газар олгох гэрчилгээг нь баталгаажуулахад төслийн үйл ажиллагаа чиглэж байна..
Мөн гэр хорооллын дунд таксины зогсоол байгуулах тухай санал ч дэвшүүлээд байна. Үүнээс гадна дээрээ тоглоомын талбай бүхий газар доорх авто машины зогсоол байгуулах ажлыг манай дүүрэг чухалчлан үзэж 17-р хороо буюу 1-р хорооллын 32, 33 байрны дунд амжилттай барьж байгуулсан. Сүүлийн жилүүдэд нийслэл хотод авто машины зогсоолын асуудал хурцаар хөндөгдөх болсон учраас энэ ажилд иргэд сэтгэл хангалуун байгаа.
Манай дүүргийн нутаг дэвсгэрт тоосгоны үйлдвэр, элс, шар шаврын орд газрууд цөөнгүй байдаг. Эдгээр үйлдвэрүүдийн тээвэрлэлтийн зам нь суурьшлын бүсээр дайран өнгөрдөг, үүнээс үүдэн тоосжилт ихтэй, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа учраас дээрх газруудын үйл ажиллагааг цэгцэлж өгөөч гэсэн хүсэлт иргэдээс удаа дараа ирж байсан. Тиймээс тэдгээр газруудын үйл ажиллагааг зогсоох, хотоос гаргах талаар 7,8,9-р хороо буюу Баянхошуу бүсийн иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Иргэдийн санал гомдол дээр үндэслэн Нийслэлийн Засаг дарга дээрх орд газруудыг хаах шийдвэр гаргаж Ашигт малтмалын газарт хүргүүлсний үр дүнд энэ оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг хотоос гаргах, үйл ажиллагааг нь зогсоохыг мэдэгдээд байгаа.
 
Мэдээллийн чанартай сургалт уулзалтууд хийдэг гэсэн. Энэ талаар?
 
Дүүргийн “Иргэний танхим”-д 2013 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл давхардсан тоогоор 124 хэлэлцүүлэг, 83 сургалт зохион байгуулжээ. Бид дүүргийнхээ аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай сайн уялдаа холбоотой ажилладаг учраас тэдэнтэй хамтран төсөл хөтөлбөрт яаж хамрагдах вэ, жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн эрхлэх вэ? Иргэдийн бүлэг гэж юу вэ? гэх мэт иргэдэд хандсан сургалтууд зохион байгуулсан. Мөн дүүргийн худалдан авах ажиллагааны газартай хамтран ОНХС-ын талаар хэд хэдэн удаа сургалт зохион байгуулсан учраас энэ тал дээр иргэдийн мэдээлэл харьцангуй сайжирсан гэж бодож байна. Ер нь аливаа хэлэлцүүлгийг зохион байгуулахын өмнө иргэдийн санал асуулгыг 70171647 утсаар болон www.songinokhairkhan.ub.khural.mn гэсэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн цахим хуудсаар, мөн СХД-ийн ИТХ, СХД-ийн “Иргэний танхим” гэсэн фэйсбүүк группээр санал авч ажлаа төлөвлөдөг.
 
ОНХС-ийн хөрөнгийг захиран зарцуулалтад иргэд оролцох боломжтой болсон. Энэ талаарх мэдээлэл СХД-ийн иргэдийн дунд хэр түгээмэл байдаг вэ?
 
Иргэний танхим байгуулагдсанаас хойш дүүрэг, хороо зэрэг орон нутгийн удирдах байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээлэл иргэдийн дунд харьцангуй сайжирсан. Үүний нэг илрэл нь ОНХС-ийн хөрөнгийн захиран зарцуулалтад иргэд оролцох болсон явдал юм. Тодруулбал ЗДТГ болон ИТХ-д иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу хороодод байгуулагдсан иргэдийн бүлгүүдэд бүтээн байгуулалтын ажлыг хуваарилж өгдөг болсон. Ингэхдээ дээд удирдлагаас баталсны дагуу нэг бүлэгт 20 сая хүртэлх төгрөгийн санхүүжилттэй ажил олгох журмаар үйл ажиллагаа явж байна.

2015-11-13 12:08

Сэтгэгдэл ачааллаж байна ..