Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газар, дүүргийн Цагаатгах
ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос жил бүр уламжлал болгон зохион
байгуулдаг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн
хүрээнд дүүргийнхээ харьяат хэлмэгдэгсэд, тэдний ар гэрийнхнийг хүлээн авч
тэмдэглэн өнгөрүүллээ.
Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга
Ж.Сандагсүрэн нар оролцож, дүүргийнхээ хэлмэгдэж явсан ахмадууд,
хэлмэгдэгсэдийн ар гэрийнхэн болох 150 ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр нэг иргэнд өргөө цагаан гэр гардуулж, дөрвөн иргэнд тус бүр 300 мянган
төгрөгийн буцалтгүй тусламж олгон, 10 иргэний газрын асуудлыг шийдвэрлэж өглөө.
Дүүргийн ЦАУЗБСК-оос тухайн жилийнхээ төлөвлөгөө, төсвийн хүрээнд тодорхой
тооны иргэдэд тусламж үзүүлдэг энэхүү ажил жил бүр үргэлжлэх юм.
Түүнчлэн 9 дүгээр сарын 10-ны өдрийн бямба гарагт Сонгинохайрхан уулын бэлд
орших хэлмэгдэгсэдийн булшинд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн шашин номын зан
үйлийг үйлдсэн байна. Мөн энэ өдөр Хамбын овоонд байрлах хэлмэгдэгсэдийн
дурсгалд зориулсан суварганд ч мөн хүндэтгэл үзүүлж, шашин номын зан үйл
үйлдсэн юм.
Түүхийг сөхвөл Сонгинохайрхан уулын бэлд байрлах хэлмэгдэгсэдийн дурсгалыг
тухайн үед хилсээр хэлмэгдэн мөнх бусыг үзүүлсэн Гончигийн Самбуу, Лхамхүүгийн
Дарьзав, Жигдэнгийн Малж, Цэндийн Баттөмөр, Мөрдэндэвийн Ядамсүрэн, Чоймболын
Өлзий-Очир, Даржаагийн Жамьяанжав, Лувсандашийн Дэндэв, Дамдины Яндаг,
Цэрэнгийн Өлзий, Банзрагчийн Очирбат, Ёндонгийн Жигжид нарын 12 хүний булш бий.
Харин Хамбын овооны тухайд 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бурханч лам
Г.Пүрэвбат тэргүүтэй хүмүүсийн санаачлагаар 9 метр өндөр байшин суварга барьсан
байдаг. Хамбын овооны баруун жалгаас тухайн үед хэлмэгдэн хороолгосон хүмүүсийн
шарил гарсан бөгөөд тухайн бүсээс олдсон зөвхөн дунд чөмгийг тоолоход 1150 буюу
575 хүний цогцос гарсан гэж үздэг.