Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Б.Ганболд: Иргэд нийтийн хурлаараа өөрсдийн асуудлаа шийдэх эрхтэй болсон

2015-11-13 09:48
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн Мэдээлэл, программ хангамж хариуцсан зохион байгуулагч Б.Ганболд Математик, мэдээллийн технологич мэрэгжилтэй. 2012 оноос энэ албан тушаалд ажиллаж байна.
-Нийслэлд иргэний оролцооны танхим байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Үр дүн ямар байна?
-Иргэний оролцооны танхим байгуулагдсанаар нйислэлийн хороод өөрсдийн асуудлыг шийдэх эрхтэй болсон. Өмнө нь дүүргийн тамгын газраас шийдвэр гаргаад юу дуртайгаа хийдэг байсан. Харин одоо бол Хорооны иргэдийн нийтийн хурлаас ямар шийдвэр гарна түүнийг нийслэлийн засаг дарга хэрэгжүүлдэг тогтолцоонд шилжсэн.
-Жишээлбэл?
-Өмнө нь ямар нэгэн барилга барих зөвшөөрөл авахад хорооны иргэдээс ямар ч санал авдаггүй байсан. Харин одоо эхний ээлжинд иргэдээс санал авахыг нийслэлийн Засаг дарга анхааруулж байгаа. Хорооны иргэдийн нийтийн хурал хуралдахгүй байх нь дарга нарт дураар авирлах боломж олгодог. Хэдэн жилийн өмнө их хэмжээний мөнгөөр нохойны хөшөө барьсан тохиолдол гарч байсан.
-Иргэд Иргэний танхимыг ашиглаж чадаж байна уу?
-Нийслэлийн 152 хорооны 97 нь иргэний танхимтай болсон. Иргэд энэ танхимаар дамжуулж саналаа төрд хүргэх боломжтой. Манай хэлтэс иргэд шаардлагатай мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, иргэдийн нийтийн хурал болон бүлэг иргэдийн гаргасан саналыг зохих шатны төрийн албан тушаалтан, байгууллагад хүргэх хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй.
-Бүлэг иргэд гэсэн нь юу гэсэн үг вэ?
-    Өмнө нь зөвхөн хурал хийсэн нэрээр ямар нэгэн шийдвэр гаргадаг байсан. Нөгөө хуралд нь хэдэн иргэд оролцож, хэн, ямар санаачлага гаргаж хэрхэн дэмжигдсэн нь мэдэгддэггүй байсан. Иргэний танхимтай болсоноор хурлын бус цагаар хэсэг иргэд ямар нэгэн санаалчлага гаргаж хамтран хэлэлцээд шийдвэрээ бидэнд ирүүлнэ. Нэг хүн бол зохих журмаар өөрийн асуудлаа шийднэ. Харин хэсэг иргэн нэгдээд иргэний танхимаараа дамжуулаад ямар ч асуудлыг ямар ч цагт төрийн байгууллагад хүргүүлэх боломжтой болж байгаа юм.
-Иргэний танхим ажиллуулахад хэр их зардал гарах бол?
-Одоогоор 132 орон тооны ажилтан, 216 иргэдийн сайн дурын бүлгүүд ажиллаж байгаа мэдээ байна. Харьцангуй бага зардлаар ажилладаг. Энэ хүмүүсийн ажиллагааны үр дүнд хороодын иргэдийн оролцоо өмнөхтэй харьцуулахад эрс нэмэгдэж байгаа боловч шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байна. Хорооны иргэд шаардлагатай түвшинд оролцохгүй байгаа.
-Мөнгөгүй хорооны даргадаа иргэд санал тавиад хэрэгжих үү?
-Нэг үеэ бодвол хорооны түвшинд мөнгө хуваарилж байгаа. Орон нутгийн хөгжлийн сан байгуулсан. Хоёр жилийн өмнө энэ хөрөнгө 100 төгрөг байсан. Одоо жаахан нэмэгдсэн. Гэхдээ хүн оршин суугчдын тооноос шалтгаалж хороо бүрт харилцан адилгүй. Та нар ажигласан бол сүүлийн үед хорооны хогны асуудал шийдэгдэж, гудамны гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламж хорооныхоо түвшинд шийдэгдэж байна. Зарим хороод камержуулах ажлыг ч хийж эхэлсэн. Орон нутгийн сангийн мөнгөний үр дүн ингэж гарч байна. Гэхдээ энэ хөрөнгийг хэрхэн зарцуулахыг иргэдийн нийтийн хурал шийднэ. Хорооны иргэд хамтарч шийдвэр гаргаснаар хамгийн чухал зүйлдээ зарцуулж чадаж байна.
-Хороодод хуваарилах хөрөнгө харилцан адилгүй гэж байна. Хэн хэмжээг нь тогтоох вэ?
-Хорооны иргэдийн хурал төслүүдээ дүүрэгт өгнө. Дүүрэг түүнийг шинжиж хэр их хэмжээний мөнгө олгохоо шийднэ. Хэн илүү шаардлагатай, хэрэгцээтэй төсөл гаргана. Тэр мөнгө авах магадлал өндөр. Өөрөөр хэлбэл төслүүд өрсөлдөнө гэсэн үг.
-Шалгаруулалт шударга явагдаж чадаж байна уу?
-Хороодын хуралд иргэдийн оролцоо бага учраас чанаогүй төсөл дүүрэгт очих, нэгэнт төслүүд чанаргүй болохоор удирдлагын хүрээнд асуудал шийдэгдэх мэт бага сага алдаа гарч байгаа. Гэхдээ энэ ажил шинэ болохоор аль болохоор бага алдаж, дарга нарт биш иргэддээ ашигтай байх тэр тогтолцоо бүрэлдэж байна.
-Нийслэлийн бүх шатны иргэдийн хурлуудад ямар ахиц гарсан бэ?
-НИТХ гэхэд маш ойрхон хуралддаг болсон. Нээлттэй хурлын цаг хүлээхгүйгээр тулгамдсан асуудлыг шийддэг болсон. Хэн нэгэн албан тушаалтны шийдвэрээр бус, хурлаар баталгаажуулсан журмаар асуудлыг шийддэг болсон. Иргэд өргөдөл бариад гүйдэг биш, цахимаар өргөдлөө өгчихөөд хаана, хэн, яаж шийдвэрлэж байгааг гэрээсээ хараад сууж байх боломжтой болсон. Дүүргүүдийн хурал ч нээлттэй болсон. Хорооны иргэд нэгдээд нийслэлийн Засаг даргад ямар нэгэн хүсэлт иргэний танхимаараа дамжуулаад өгөх боломж нээгдсэн. Хорооны иргэний танхимдаа иргэд хэзээ цуглаад өөрсдийн үзэл бодол, санал санаачлагаа ярилцаж болно. Хурлын үйл ажиллагаа, иргэдийн оролцоо нэмэгдэгдэж байна.
-Иргэд энэ боломжоо хэр ашиглаж байна?
-    Бүрэн дүүрэн гэж арай болохгүй байх. Гэхдээ иргэдийн оролцоо нэмэгдсээр л байна. Иргэдийн оролцоо нэмэгдэж үр дүн гарч байгаа жишээ нь энэ жил орон нутгийн хөгжлийн сангаар дөрвөн цэцэрлэг барьсан. Хороод санаачлага гаргасан гэсэн үг. Хороодын иргэд өөрсдөө санаачлаад ийм ажил хийнэ гэдэг нь иргэд шийдвэр гаргахад оролцсоны хүч шүү дээ. Өмнө хорооны хуралд цөөн тооны хөгшчүүл ирдэг байсан бол залуус, эмэгтэйчүүд тэрбүү хэл “Ажлаа зохицуулах хэрэгтэй байна. Иргэдийн хурал хэзээ болох вэ” гэж асуудаг иргэдийн тоо нэмэгдсэн.
-Цэцэрлэг, сургууль улсын төсвөөр баригдах ёстой биз дээ?
-Тийм. Гэхдээ төсөв хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар олон жил явж ирсэн. Энэ хугацаанд төрөлт нэмэгдэхээс гадна хөдөөгөөс шилжин ирэгсдийн тоо ч буурахгүй байгаа. Тэгээд дүүрэг, хорооны түвшинд шийдэх оролдлого хийж эхэлж байна.
-Хорооны иргэдийн нийтийн хурлаар хэр хэмжээний асуудал шийдэж чадах вэ?
-Өмнө нь мөнгөгүй байхад ямар нэгэ асуудал шийдэх боломж бага байсан. Ерөнхийдөө хорооны даргыг сонгоод дөрвөн жил өнгөрдөг байсан. Харин одоо бол бага ч гэсэн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө байна. Мөн хорооны иргэдийн хурлаар гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, хэрэгжүүлэх механизмтай болсон гээд олон өөрчлөлт хийж чадсан. Иргэдийн нийтийн хурлар хорооныхоо томоохон хөрөнгө оруулалтыг шийдэх боломж байхгүй. Харин хог, гэрэлтүүлэг ногоон байгууламж, хөгшид хүүхдийн тохилог талбайн асуудлыг шийдэж болно.
-Ялсан намын нэг нөхөр хэдэн танилаа дуудаж иргэдийн нийтийн хурал нэрээр хуралддаг. Өөрийгөө хорооны дарга болгодог гэсэн шүүмжлэл байдаг.
-Ганц нэг тийм юм гарсан. Энэ бол зар мэдээний журам байхгүйтэй холбоотой байсан. Зар мэдээний хууль явж байгаа. Гэхдээ удаашралтай байна. Шилэн дансны хууль гэхэд хоёр жил шахам болж байж батлагдсан. Маш хэрэгтэй хууль гэдэг нь одоо харагдаж байна. Хэрэв нэг хуулийг хоёр жил болж батлана гэвэл Зар мэдээний хууль бусад иргэдийн оролцоотой холбогдсон олон жил хүлээгдэнэ. Зарлан мэдээлэх үйлдэл нь хуульчлагдаагүй болохоор зарим газар өөрсдийн талаа цуглуулж, дарга болоод байгаа нь нуугад байх зүйл биш л дээ.
-Хороодын өрхийн тоо, нийгмийн хангамж маш их ялгаатай байна.
-Миний бодлоор бол хороог өрхийн тоогоор байгуулах нь зөв гэж боддог. Зарим том хороодыг хуваах хэрэгтэй. Одоогийн мөрдөж байгаа хуулиар иргэдийн нийтийн хурал нь хуралдах боломжгүй том хороо байна.
-Иргэддээ хандаж хэлэх үг байна уу?
-Хорооны иргэдийн нийтийн хуралдаа идэвхитэй оролцох хэрэгтэй. Таны амьдардаг орчин сайн муу байх нь энэ хурлаар шийдэгдэнэ. Энэ хурлын шийдвэрийг бүх шатандаа хэрэгжүүлнэ шүү.

2015-11-13 09:48

Сэтгэгдэл ачааллаж байна ..