Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэний оролцоо ба иргэний танхим

2015-11-13 09:34
Иргэний оролцоо сэтгүүлийн  нийтлэгдсэн
"Иргэнгүй Иргэний танхим хэд байна вэ?" сэдэвт нийтлэлийг  бүрэн эхээр нь хүргэж байна.
Улс орны хөгжлийг ардчилсан шударга зарчимд чиглүүлэх бодлогын хүрээнд хууль эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх, шударга, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх, эрх баригчид шийдвэр гаргахдаа ард иргэдээ байнга сонсдог байх зарчмыг нийгэмд хэвшүүлэх  зорилгоор Иргэний танхим шил шилээ даран байгуулагдаж байна. Өөрөөр хэлбэл иргэдийн оролцооны үр нөлөөтэй тогтолцоо бүрдээгүй нийгмээс, иргэн таны оролцоог хүлээн зөвшөөрсөн, хэрэгжих нөхцөл бүрдсэн нийгэм рүү шилжих эхлэл нь “Иргэний танхим”-аар нээгдсэн гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар Иргэний танхим нь Ерөнхийлөгчийн дэргэдэх болон 21 аймаг, 360 сум, Нийслэл, нийслэлийн  7 дүүрэгт тус тус байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Эрдэнэт, Дархан зэрэг хүн ам олонтой аймгийн багууд мөн салбараа байгуулснаар өнөөдрийн байдлаар нийтдээ 370 гаруй Иргэний танхим тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Хэдийгээр Иргэний танхимын гол зорилго нь хууль сурталчлах болон хуулийн хэлэлцүүлэгт иргэдээс санал авч, оролцоог бий болгох гэж тодорхойлж байгаа ч иргэдийн идэвхи санаачилга муу, Иргэний танхимын ажилтануудын мэдээлэл түгээх харилцаа сул, мөн шинээр байгуулагдаж үйл ажиллагааныхаа голдиролдоо хараахан орж чадаагүй зэргээс шалтгаалан танхимын үндсэн зарчим алдагдах, иргэнгүй Иргэний танхим гэгдэх шүүмжлэл ч бас гарч байгааг нуух аргагүй юм. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа Иргэний танхим түүний үйл ажиллагаа, иргэдийн оролцох боломжийн талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын үйл ажиллагаа тасралтгүй явагддаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон төрийн бодлого шийдвэрт иргэдийн байр суурь, үзэл бодлыг тусгах, иргэдийн санал бодлыг шийдвэр гаргагчид сонсох, олон нийтийн санаа зовоож буй асуудлаар нээлттэй хэлэлцэх зорилгоор байгуулагдсан тус танхимын ажиллах үндсэн зарчим нь хуулийн төсөл, дүрэм журам, шийдвэрүүдийн төсөлд иргэд, байгууллагаас санал, шүүмжлэл, нэмэлт өөрчлөлтийн санаа, мэдээлэл хүлээн авах замаар төр засгийн түвшинд гарах шийдвэрийг сайжруулах, шийдвэр гаргахад олон нийтийг оролцуулахад  чиглэгдэнэ гэж заасан байдаг.
Иргэний Танхимын бүх үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй явагдана гэж журамласан тус танхимд иргэд хандахдаа www.president.mn сайтын иргэний танхим гэсэн цонхноос мэдээлэл авч хэлэлцэгдэх гэж буй хуулийн төслийн талаарх өөрийн саналаа шууд болон ажлын хэсгээр дамжуулан оролцдог.  Тухайн хэлэлцэх асуудал нь зохион байгуулж байгаа талаас хамааран иргэдийн оролцоог хангадаг бөгөөд иргэд шууд оролцох боломжтой хэлэлцүүлэгт дээрх цахим хаяг болон ажлын хэсгийн 263489 гэсэн утсаар бүртгүүлж зөвшөөрөл авснаар оролцдог бол ажлын хэсгээр дамжуулах хуралд тухайн хуулийн ажлын хэсэгт урьдчилсан байдлаар өөрийн саналаа өгөх замаар оролцоог хангадаг байна.
Өнөөдрийн байдлаар тус танхимд 453 хуулийн хэлэлцүүлэг, уулзалт хурлууд зохион байгуулагдаад байна.
Шийдвэр гаргах түвшинд хамгийн ойр гэдгээрээ тус танхимын үйл ажиллагаа тогтмолжиж, үйл ажиллагааны цар хүрээ өргөссөн ч зарим талаараа иргэд тэр бүр оролцох боломжгүй хол мэт санагддаг гэх шүүмжлэл байдаг.
Нийслэлчүүдийн амьдралд хамгийн ойр очих Нийслэлийн Иргэний танхим Нийслэлийн Иргэний танхим нь нийслэлийн тулгамдсан асуудлын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж гарсан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих. Хурлын байгууллагаас гаргах шийдвэрийн төсөлд иргэд, байгууллагаас ирэх санал, санаачлагыг хүлээн авах замаар Нутгийн удирдлагын байгууллагын түвшинд гарах шийдвэрийг төгөлдөршүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх.
Олон нийтийн санаа бодлыг судлах, социологийн асуулга явуулах, хэвлэл мэдээллийн сурталчилгаа эрхлэх зэрэг үндсэн үүрэгтэйгээр 2011 онд байгуулагдсан.
Нийслэлийн иргэний танхимд болох аливаа хэлэлцүүлэг нь тодорхой шийдвэр, баримт бичгийн төслийг үндэслэн, шийдвэр гаргахын өмнөх шатанд явагдах бөгөөд төсөлд өөрчлөлт оруулах, төслийг шийдвэр болгон гаргахдаа Иргэний танхимд болсон хэлэлцүүлэгт үндэслэхээр заасан байдаг.
Нийслэлийн иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдод урьдчилсан байдлаар болзол тавихгүй байх, мөн иргэн бүрт нээлттэй байх үндсэн зарчмыг баримталдаг.
Хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг урьдчилсан байдлаар www.Sityhall.gov.mn цахим сайтад байршуулдаг бөгөөд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах НИТХ-ын дэргэдэх ажлын алба Иргэний оролцооны хэлтэст харьяалагдан үйл ажиллагаагаа явуулдаг. Харилцах утас нь 70110292, 70120292
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн иргэний танхимд 100 гаруй хуулийн хэлэлцүүлэг төсөл, хэлэлцэж холбогдох саналыг НИТХ-д хүргүүлээд байгаа аж.
Хэдийгээр нийслэлийн иргэдийн хувьд ажил амьдралтай нь шууд холбогдох хуулийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус танхимд хэлэлцдэг ч мөн л иргэдийн оролцоо муу, тэр бүр мэдээлэл авч чаддаггүйгээс иргэдийн оролцоо сул хууль журам гарсаны дараа хандах хандлага дийлэнх байдаг байна.
Өнөөдрийн байдлаар:
“Дуулах өдөр”-өөр иргэдээ татсан Иргэний танхимууд Нийслэлийн дүүргүүд болон 21 аймаг, 360  сумдад өнөөдрийн байдлаар ИТХ-ын дэргэд бүгд Иргэний танхимтай болсон гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Нэг танхимд дунджаар хоёроос дөрвөн хүн тогтмол ажилладаг бөгөөд ажиллах зарчим болоод зорилгын хувьд мөн ялгаагүй хууль сурталчлах, хуулийн төсөлд санал авах замаар шийдвэр гаргах түвшинд  иргэдийн дуу хоолойг хүргэх үндсэн зорилготой.  Мэдээлэл авах болон холбогдох хаяг нь тухайн аймаг, дүүргийн ИТХ-ын цахим хаягаар дамжиж болох бөгөөд иргэдийн оролцоог дэмжих зорилгоор зарим Иргэний танхимууд дэргэдээ Эмэгтэйчүүдийн клуб, Дуулах өдөр, Хууль бидний амьдралд гэх мэт өдөрлөгүүдийг зохион байгуулдаг байна.
Хүн бүр хуулийн дор амьдарч, хуулийн дагуу нийгмийн харилцаанд ордог нь аль нийгмийн үед батлагдсан зарчим. Ардчиллын үнэт зүйл хэм хэмжээ ч иргэний таны оролцоогоор хэмжигддэг цаг үед төрөөс иргэдийн оролцоог хангах, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэх, мөн хууль сурталчлах зорилгоор 370 гаруй Иргэний танхим байгуулж төсвөөс шаардагдах зардал санхүүжилтийг гаргаж байна. Иймд иргэд бид ниргэсэн хойно нь хашгирах биш, хуулийн хэлэлцүүлэг явагдаж байхад тухайн оршин буй дүүргийнхээ Иргэний танхимуудаар дамжуулан саналаа өгч хууль амьдрал дээр бодит биеллээ олох бололцоог бий болгох шаардлагатай. Үүнд таны оролцоо Иргэний танхимуудаар таны идэвх санаачилгаар биеллээ олох учиртай юм. 

2015-11-13 09:34

Сэтгэгдэл ачааллаж байна ..