Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

П.Галиндэв: Өнгөрсөн хугацаанд хот болон дүүрэг ажлын уялдааг хангаж ажиллалаа

2015-11-16 18:37

Төлөөлөгч ярьж байна

"Төлөөлөгч ярьж байна" буландаа энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч П.Галиндэвийг урьж ярилцлаа


-Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн хуралд жагсаалтаар сонгогдсон төлөөлөгчийн хувьд ямар ажлууд хийж амжуулав?

-Юуны өмнө нийт Сонгинохайрханчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. 2012 оны ээлжит орон нутгийн сонгуулиас хойш хоёр дахь жилийнхээ босгыг алхжээ. Өнгөрсөн хугацаанд хот болон дүүрэг ажлын уялдааг хангаж ажиллалаа. 2013 онд УИХ-аас Нийслэлийг 2020 онд хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө, 2040 он хүртэлх чиг хандлагыг баталлаа. Уг бодлогын баримт бичигт зөвхөн Улаанбаатар хотынхоо төв рүү төвлөрч хөгжих биш олон төвт хотыг хөгжүүлэхээр тусгасан. Үүнтэй холбоотойгоор манай дүүрэгт хотын захиргааны шинэ байр нүүж ирэхээр төлөвлөгдөж, зураг төсөл нь хийгдээд ажил эхлэхэд бэлэн болоод байна. Түүнчлэн иргэдийн нүдэнд харагдахаар ажлуудаас дурдвал замын бүтээн байгуулалт, ногоон байгууламж, гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах гээд олон санал санаачилга ажил болоод явж байна. Баянхошуу, Ханын материалын эцсээс Баянхошууны эцэс хүртэлх, 22-ын товчоо чиглэлийн гээд нэлээд хэдэн зам тавигдлаа. Мөн гудамж төслийн хүрээнд Саппорогийн тойргийг шинэчиллээ. Энэ тойрог бол Аюулгүйн тойрог гэх нэртэй боловч хамгийн аюултай тойрог байсан. Саппорогийн хойд талын “Өнөр” уулзварыг шинэчлэн тохижууллаа. Ингэснээр нэгдүгээр хорооллын араар III, IVхорооллын эцэс рүү шууд явах болсон нь замын ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан. Зам засвараа дагаад мэдээж гэрэлтүүлэг, камержуулалтын ажил хийгдээд явж байгаа. Нөгөөтэйгүүр бид гудамжинд цэцэг алаглахыг хараагүй нэлээд уджээ. Сүүлийн хоёр жил ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн ажил сайн хийгдэж байгаа бид харж байна. Гэхдээ ногоон байгууламжийг хотын төв замд хийх нь жаахан өрөөсгөл. Цаашид орон сууцнуудын дунд, гэр хороолол руу ногоон байгууламж байгуулах хэрэгтэй. Бид утаатай олон жил тэмцэж байна. Ногоон байгууламж байгуулах нь утааг буруулахад эерэг нөлөөтэй гэж байгаа. Тэгэхээр айл бүр хашаандаа нэг мод тарьж ургуулж чадвал утааг багасгахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах юм болов уу гэж харж байна.

-Зам тавьсан, гудамж талбайд цэцэг алаглаад сэтгэлд таатай байна гэж байна. Гэхдээ хотын даргагын ярьж гарч ирсэн гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хүмүүс их зүйл хүлээсэн. Гэтэл өнөөдөр үр дүн нь тийм ч тод харагдахгүй байна уу гэх шүүмжлэл бий. Сонгинохайрхан дүүрэгт энэ чиглэлээр ямар ажил хийгдэв?

-Бүх дүүргүүдэд дахин төлөвлөлтийн ажил хийгдээд явж байгаа. Сонгинохайрхан дүүрэгт эхний ээлжинд 10 дугаар хорооны Баянхошуу бүсэд дахин төлөвлөлт хийгдээд гүйцэтгэгч компаниуд тодроод, иргэдтэй ойлголцолд хүрч чадсан байна лээ. Ирэх хавраас бодит ажил эхлэх байх. Энэ хүрээнд 2600 орчим айлыг хамруулахаар болоод байгаа. Мөн 11.5 га газарт 268 айлын орон сууц, Ханын материалын эцсийн 5, 6, 7 дугаар хороодод орон сууцны төлөвлөлтийн ажил хийгдээд явж байгаа. Энэ намар эхний ээлжийн байрыг хотын удирдлагууд нээлт хийж хүлээлгэж өгсөн байгаа. Цаашид иргэдийн санал санаачилгад тулгуурлаад инженерийн шугам сүлжээ, дулаан болон цахилгааны эх үүсвэрүүдийг шийдэх боломжтой газруудад дахин төлөвлөлт хийгдээд явна байх.

-Хотын зүгээс ийм ажлууд хийсэн байна. Дүүргийн ИТХ-аас иргэдийн амьдралд нийцтэй, бодит хөрсөнд буусан ямар ажил хийв?

-Бид ард иргэддээ ойртож, төр захиргааны байгууллагын нээлттэй байдлыг хангаж ажиллах хүрээнд дүүргийн “Иргэний танхим”-ыг байгуулсан. Эхлээд иргэдийнхээ үгийг сонсдог байя гэсэн агуулгатай байгуулсан. Нэлээд хэдэн хороо ч  “Иргэний танхим”-тай боллоо. Эдгээр танхимуудаар дамжуулан дүүрэгт гарч байгаа аливаа бодлого шийдвэрт иргэдийнхээ санаа бодлыг тусгах хэлэлүүлгийг зохион байгуулж, иргэдэд ойр бодит хөрсөнд буусан бодлого шийдвэр гарсаж байгаа гэж харж  байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар батлагдсан Шилэн дансны тухай хууль байна. Төр захиргааны байгууллагууд төсөв санхүүтэй холбоотой зарлага, гүйлгээ зэргээ цахим хуудсуудаар дамжуулан ард иргэдэд нээлттэй байхыг хуульчилсан. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ. Мөн Орон нутгийн хөгжлийн сангаар дүүрэгт хорооддоо хийх хөрөнгө оруулалтын ажлаа Иргэний танхимаар дамжуулан Иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцүүлээд тэргүүн зэргийн ач холбогдолтой ажлаа эрэмбэлээд эхнээс нь шийдээд явж байна.

-Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа ажлын талаар сөхсөн юм чиньүр дүнгийнх нь талаар ярья. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэд хэдэн удаа ажлын хэсэг гарч Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн ажлуудын үр дүнг шалгасан. Төсөв нь өндөр тавигдсан хэрнээ бодит үр дүн нь маш муу тохиолдол олон байсан. Тэгэхээр чанарт нь анхаарах нь орон нутгийн л үүрэг байх л даа?

-Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг ААН-үүд тендерт оролцож шалгараад гүйтцэтгэж байгаа. Бидний хувьд ямар компани гүйцэтгэж байна вэ гэхээс илүү чанарын асуудал чухал. Тэгэхээр хамгийн гол нь бид иргэдийн оролцоог хангаж чанартай эсэх, төсөвт өртөгтөө нийцэж байна уу үгүй юу гэдгийг мэдэхийн тулд хүлээж авах процесст нь анхаарах ёстой. Үүний цаана тендерээ шалгаруулахдаа танил талаа харахаас эхлээд хардах асуудал мэдээж яригдана. Бидний зүгээс иргэд, оршин суугчдын оролцоог хангаж өгч байж л асуудал шийдэгдэх байх гэж харж байгаа. Манай дүүрэгт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн тодорхой бүтээн байгуулалтуудын чанарын асуудалд ярих зүйл яах аргагүй л байгаа.

-Бүтээн байгуулалтын ажил хийгдэх явцад л иргэдийн оролцоо сайн байх ёстой юм шиг харагдаад байгаа юм?

-Санал нэг байна. Угаасаа ажил хийгдэж эхлэхээс тухайн хорооны Иргэдийн Нийтийн Хурал, иргэд оршин суугчдаас хяналт тавьж, хүлээж авах коммист нь иргэдийг зөвлөх, санал өгөх эрхтэйгээр оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол төрийн байгууллагаас хэдэн нөхөр очоод хүлээж аваад, тууз хайчилчихаж байгаа нь л алдаа болж байгаа.


-Дүүргүүд удахгүй ирэх оны төсвөө батална. Гэтэл дээрээс зөвлөмж ирж. Төрийн албаны орон тоог цөөлөх, 2012 оны түвшинд хүргэх тухай. Сонгинохайрхан дүүрэгт Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь амьдарч байхад “Бид өмнө нь 4 хүнтэй ажиллаад болоод байсан юм” гэж зэмлэх нь бас амьдралд нийцэхгүй болчихоод байгаа юм л даа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор засгийн газар УИХ дээр эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжих тухай асуудал яригдаж, тодорхой шийдвэр гараад явж байна. Энэ шийдвэр бүх шатанд хэрэгжих ёстой. Төрийн бодлого бол уламжлал шинэчлэлтэй, нэгдсэн уялдаатай явах ёстой гэсэн агуулгаараа. Тиймээс ч бид хэмнэлтийн горимд шилжээд явах л ёстой. Тэвчиж болох бүх зардлыг танах тал руу анхаарч л таарна. Дүүрэг төдийгүй бүх шатны байгууллагын зөвлөхүүдийг танахтай холбоотой асуудлыг ярих л болно. Нэгэнт төсвөө баталчихсан, нийслэл ч хэмнэлтийн горимд шилжээд байхад бид дагахаас аргагүй. Гэхдээ хүн амдаа хүрч ажиллах тал дээр таны ярьж байгаа зөв. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг 300-аад хүн амтай, бусад дүүргүүдээс хэд дахин олон хүн амтай хэрнээ төрийн албанд ажиллагчдынх нь орон тоо ижил байгаа. Тэгэхээр иргэдэд хүрч ажиллахад ачааллын хувьд бодох асуудал бий. Хотын захын, асуудал ихтэй, хүн ам олонтой дүүргийн хувьд ялгавартай хандах ёстой л доо. Ам нээвэл уушги нээ гэгчээр цаашид төрийн албаны хууль, дан дээл, давхар дээл гээд дээрээ яриад байна. Үүнийг цаашид дүүрэг орон нутагт ч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж би үзэж байгаа. Манайд л гэхэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд давхар дээлтэй нөхдүүд цөөнгүй байгаа. Тэд нэг гараараа дүүргийн төсвийг батлалцаад, нөгөө гараараа төсвөө зарцуулаад байгаа юм. Үүнийг цаашид салгах ёстой. Засаг дарга төрийн захиргааны албан хаагч, төрийнхөө л ажлыг хийх ёстой. Иргэдийн хурал төсвөө баталж өгөөд, хяналтаа тавьж чаддаг, иргэдийнхээ өмнөөс шаарлага тавьдаг байж л зөв тогтолцоо руугаа орно. Тиймээс энэ “ дээл”-ний тухай асуудлыг шат шатандаа хэрэгжүүлэх ёстой.

-Зөв тогтолцоо гэж ярьсанаас Сонгинохайрхан дүүрэг Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь МАН-д, гүйцэтгэх байгууллага нь АН-д хуваарилагдсан. Гэхдээ улстөр хийж ажил гацаах нь гайгүй байна уу гэж харагдаад байгаа?

-Сонгуулийн үр дүнд манай дүүрэг МАН 22 суудал авч олонх болсон, АН 17, МАХН 2 суудал авсан. Гэхдээ бид хамтарсан байдлаар дүүргийн удирдлагыг хэрэгжүүлэхээр болсон нь маш зөв шийдвэр байсан. Нэг ёсондоо хэт улстөржсөн байдлаас зайлсхийх, ажлаа урагшлуулахын тулд хийсэн алхам. Хамтарч байгаа гээд бүх зүйл дээр  дуу нэг байх биш зарчмын хувьд маргалдах, зөрөлдөх зүйл байна. Шаардлага тавиад явна гэсэн үг.

-Төгсгөлд нь, дараагийн сонгууль болоход жил гаруйхан хугацаа үлдлээ. Энэ хугацаанд юу хийх вэ, төлөвлөсөн зүйл юу байна вэ?

-Хот гэдэг их айл хөгжлийнхөө төлөвлөгөөг баталж чадлаа. 2020 онд хүртэл хоёр ч сонгуулийн хугацаа байгаа учраас цаашид тодотгоод явах л байх. Гэхдээ хотын удирдлагыг аль нам хэрэгжүүлж байгаагаас үл хамаараад бид бодлогын баримт бичгээ мөрдөж ажиллах ёстой. 2016 он хүртэл төлөвлөсөн ажлаа хийж, 2020 он гэхэд хот дүүрэг маань хөгжлийн ямар шатанд хүрсэн байх ёстой түүнийхээ үндэс суурийг тавих ёстой. Хот хөгжихийн тулд эхлээд инженерийн шугам сүлжээг өргөтгөх, дулаан цахилгааны их үүсвэрээ нэмэгдүүлэх ёстой. Ер нь нийслэл хотод тулгарч байгаа гол гол асуудлуудаа шийдэх ёстой. Ингэж байж хот тэлэх бодлого хэрэгжинэ, түгжирлээс зугаж чадна, хотын утаа саарна. Тэгэхээр энэ тал дээр анхаарч ажиллана. Ер нь бол хот гэдэг маань нэг орон нутаг, дүүрэг нь тэр хотын бүрдэл хэсэг. Тэгэхээр нэгдсэн бодлого, төлөвлөлттэй байж гэмээнэ үр дүнтэй байна. Тэртэй тэргүй тухайн баримт бичиг дээр Сонгинохайрхан яаж хөгжих вэ, Сүхбаатар юу хийх вэ гэдгийг нэгдсэн байдлаар тавьж өгсөн байгаа. Энэ л хүрээнд уялдаа холбоотой хөгжих ёстой. Түүнээс биш дүүрэг болгон өөр өөрийнхөөрөө яваад байвал хот гэдэг чинь нураад уначихна.

-Сонгинохайрхан дүүргийн хувьд нийслэлээс татаас авдаг. Үүнээс шалтгаалаад эдийн засгийн хараат бус байдал алдагдаж, тухайн онд төсөвт тусгагдсан ажлууд төсвийн тодотголоор хасагддаг, дүүргийн хөгжил хойш татагддаг. Яагаад гэвэл танайх татаас авдаг гэсэн нэг асуудал байгаад байгаа. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Манайх нийслэлээс татаас авдаг цөөхөн дүүргийн нэг. Бид татварын бааз сууриа цаашид нэмэгдүүлэх ёстой. Томоохон үйлдвэр аж ахуй нэгжүүдээ дэмжиххэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор манай дүүрэгт нийслэлийн бүх авто худалдааны төвүүд, авто засварын газрууд төвлөхөөр болсон. Энэ нь татварын бааз сууриа нэмэгдүүлэх бодлогын нэг хэлбэр. Нөгөө талаар хотын хөгжлийн чиг хандлагад ч нийцэж байгаа. Татварын орлого бүрдүүлэх асуудал бол дээд түвшинд шийдэх асуудал л даа. Сүүлийн үед УИХ дээр, Ерөнхийлөгчийн зүгээс ч энэ асуудлыг их ярьдаг болж. Ер нь орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиг хандлага руу явж байна. Татварын зарим нэр төрлийг орон нутаг нь үлдээдэг, орон нутаг өөртөө тулгамдаад байгаа асуудлаа шийдэх чиглэлийн санаачилгууд явж байгаа. Цаг хугацааны хувьд шийдэгдэх байх. Цаашид татварын бааз суурь, орлого бүрдүүлэлтийн асуудал манай дүүрэгт яах аргагүй чухал байгаа.

Танд баярлалаа


2015-11-16 18:37

Сэтгэгдэл ачааллаж байна ..