Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Л.ТӨМӨРБААТАР: 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРСОНООР ХҮРЭЛЦЭЭНИЙ АСУУДАЛ БҮРЭН ШИЙДЭГДЭНЭ

2015-11-17 18:16

Төлөөлөгч ярьж байна 

Бид энэ удаагийн "Төлөөлөгч ярьж байна" буландаа  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, 24 дүгээр хорооны Засаг дарга Л.Төмөрбаатарыг урьж ярилцлаа. 

-2012 оны сонгуулиас хойш хийсэн ажлаасаа онцлоод ярихгүй юу. Иргэдийн амьдрал нийцтэй ямар ямар ажил хийв?

-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооноос дүүргийн ИТХ-д нэр дэвшиж сонгогдсон. Ингэхдээ найман төрлийн ажил хийнэ гэж иргэддээ хэлж гарч ирсэн. Юуны өмнө баригдаж байгаа сургуулиудыг бүрэн ашиглалтад өгнө гэсэн маань биелэлээ олж байна. Тухайлбал, ирэх 12 дугаар сарын 10-нд 640 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад ороход бэлэн болоод байна. Мөн 180 ортой хүүхдийн цэцэрлэг 12 сард ашиглалтад орох гэж байна. Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан 58 сая төгрөгийн өртөгөөр баригдсан спортын талбайг 12 дугаар сарын 19-нд хүлээлгэж өгнө. Манай хорооны нэг онцлог жалга хтэй, уулархаг учраас гүүр хийх шаардлага тулгардаг. Тиймээс нэлээд хэдэн газарт гүүр барина гэж төлөвлөсөн. Үүнээс дөрвийг нь ашиглалтад өгөөд байгаа.

-Хүн амын ундны усны асуудал ямар байна вэ. Олон худаг баригдав уу?

-Худаг усны хүрэлцээ муу байсан учраас Шороотын ам, зээлийн 2 дугаар хэсэг, 6 дугаар хэсгийн 17 дугаар гудамж гэсэн гурван газар усан сан нэг, гүний худаг хоёрыг бүрэн ашиглалтад оруулсан.

-Төлөвлөсөн ажлаас тань дутуу үлдсэн ажил хэр олон байна вэ?

-Хийхээр төлөвлөсөн ажлаас маань биелээгүй байгаа нь дүүргийн арын замаас Баруун салааг хар замтай холбох 3,5 км,  Баруун салааны эцсийн буудлаас хойш Бумбатын рашаан хүртэлх 2,7 км зам хоёр огт хийгдсэнгүй. Нөгөөтэйгүүр манай хороо  байнгын шуурдаг, уул жалга ихтэй учраас гэрэлтүүлгийн асуудлыг чадах чинээгээр шийдэхийн төлөө ажиллана гэсэн. Гэтэл одоогоор 25-хан гэрэл хийгдсэн нь чамлалттай байна. Цаана нь 360 гэрэлтүүлгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэсэн ч өнөөдрийн байдлаар хийгдээгүй л байна. Гэмт хэрэг ихээр гардаг байршлуудад камер байршуулна гэж тусгасанаас 2 камер л ашиглалтад өгөөд байна. Нэмж гурван ширхэг камерыг ашиглалтад өгнө гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Баруун салааны 4.5 км зам олон жил дуншиж байж ашиглалтад орлоо.

-Танай хороонд үерийн бүсэд буусан айлууд цөөнгүй байдаг юм билээ. Эдгээр өрхүүдийн асуудлыг яаж шийдэж байгаа вэ?

-Тахилгат уулын энгэр, үерийн бүсэд сууршсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр нийслэлээс гаргасан. Гэвч дүүргийн Өмч, газрын харилцааны алба нүүлгэн шилжүүлэх зардалгүйгээс одоогийн байдлаар хашааг нь буулгасан байдалтай л байна. Нөгөө талаас олон жил газар дээрээ амьдарсан хэрнээ газрын гэрчилгээ авч чадаагүй иргэдийн асуудлыг шийдвэрлэнэ гэж зорьсон. Үүний дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар хэрэгжүүлж байгаа “Шийдэл” төслийн хүрээнд шийдүүлэхээр 1000 гаруй иргэний өргөдлийг өгсөн. Өнөөдрийн байдлаар эхний 55 хүний асуудал шийдэгдэж, эзэмших эрхийн гэричлгээгээ авлаа. 40-өөд хувь нь үерийн бус, голын зах зэрэг зөвшөөрөгдөх боломжгүй байршлууд байгаа, Үлдсэн хувь нь боломжоороо шийдэгдээд явах байх гэж харж байгаа.

-Нийтийн тээврийн хүрэлцээ ямар байдаг вэ. Автобус нэмэгдсэн гэж байсан?

-Автобус, нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх, чиглэлийг олон болгох асуудлыг бид нийслэлд тавьсан ч тодорхой хариу ирээгүй байна. Одоогоор урдуур 6, араар 12 автобус л явж байна. Бид ярьж байгаад гаралтын тоог нэг автобусаар нэмэгдүүлсэн байгаа.

-Танай хороонд сургууль, цэцэрлэг нэмэгдэж ашиглалтад орж байгаа гэж байна. Үүний цаана дахиад хэдэн хүүхэд гэртээ сууж байна?

-Манай дээр 100 хүүхдийн багтаамжтай 158 дугаар цэцэрлэг хүүхэд авч байна, дээр нь гурван гэр цэцэрлэг ажиллаж байна . Нийт 280-аад хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Сургууль, цэцэрлэгийн цогцолбор байр ашиглалтад орвол нэмээд 180 хүүхэд авах боломжтой болно. Мөн хувийн цэцэрлэгүүдтэй ярьж байж Хустайн чиглэлд 2 давхар цэцэрлэгийн ажлыг эхлүүлсэн. Тэнд 180-аад хүүхэд авчихвал цэцэрлэгийн асуудал нэлээд цэгцэрнэ. Сургуулийн хувьд манайд тойрон хамрах 104, 67, 170 дугаар сургуулиудад хүүхдүүд маань хамрагдаж байгаа. Одоо харин шинээр 640 хүүхдийн сургууль 12 дугаар сарын 10-нд ашиглалтад орсоноор үндсэндээ харьяа хороондоо сурч боловсрох бүрэн бололцоотой болж байгаа юм. Харин ч бусад хорооны хүүхдүүдээ хамруулах, ачааллыг тэнцэржүүлэх бүрэн боломжтой болно гэж бодож байна.

 

-Нийслэлийн хороод дээр Орон нутгийн хөгжлийн сангаар нэлээд ажил хийгдсэн. Танайх хороонд хэр ажил хийгдэв. Засаг даргын хувьд үр өгөөжийг нь яаж харж байна. Орон нутагт чиглэсэн ийм бодлого нь ер нь хэрэгтэй юм уу?

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр манай хороон дээр зохих журмын дагуу ажлууд хийгдэж байна. Арчлалт хамгаалалтын тал дээр үнэхээр “тэг” заалттай гэж хэлж болно. Байгуулаад өгсөн хүүхдийн тоглоомын болон сагсны талбай, чийрэгжилдтын талбай бүгд хүн орж тоглох нөхцөлгүй болсон. Энэ юу хэлж байна вэ гэхээр арчлах эзэнгүй учраас хүүхдүүд тэр бүү хэл насанд хүрэгчид ч зориудаар эвддэг, галдан шатаадаг асуудал ч байна. Уг нь бол орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил алслагдсан гэр хорооллуудад тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэж байгаа зөв зүйтэй алхам. Усан сангийн асуудлыг шийдэж болж байна, гэрэлтүүлгийн асуудлыг бага сагаар шийдэж байна, хүүхдүүдээ тоглуулах тоглоомтой болгож байна. Хамгийн гол нь тэр хийсэн зүйлийг арчилж хамгаалдаг эзэнтэй болгохгүй бол хорооны дарга, хэсгийн ахлагч хариуцна гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Түүнээс биш бид өмнө захиалж байж жилд нэг худаг бариулдаг байсан бол одоо гурван худаг барьж байна. Энэ бол уг нь цаг үеэ олсон хэрэгтэй ажил гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ цаашид байх ёстой. Байх байхдаа хотын төвийн хороо болон захын гэр хороололд хувиарлах мөнгөн дүнг зохицуулж өгөх хэрэгтэй. Хамгийн их асуудал тулгамдаж байгаа гэр хороолол руугаа ахиу мөнгө тавих хэрэгтэй. Шороон дунд тоглож байгаа хүүхдүүдийг илүү харж үзэх ёстой шүү дээ.



-Танай хороон дээр ажилгүйдэл хэр хэмжээнд байна?

-Ажилгүйдэл их байна. Залуучуудад бол ажил байна. Гогцоотой хэсэг нь хаана байна гэхээр 40 гарсан, 35-50 насын хүмүүс ажлын байргүй байна. Уг нь бол ид хөдөлмөрийн нас шүү дээ. Түүнээс биш сүүлийн үеийн залуучууд өөрсдөдөө таарсан ажлаа хийгээд эсвэл өөртөө ажлын байр бий болгоод байна. Ер нь ажилд авч байгаа байгууллагууд нас заагаад, царай зүс хараад байна. Бид дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй ажил олгох, ажилгүйдэл бууруулах талаар хамтарч ажилладаг. Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн биржээр дамжиж байгаа зээл эзэндээ очиж чадахгүй байна. Намын харьяаллаар шийдэж байна. Сүүлийн 3 жилийн байдлыг харж байхад эрх баригч намд үйлчилдэг хүн зээл, тусламжийг саадгүй авчихаж байна. Хамгийн ойрын жишээ, О.Магнай гэдэг нөхөр нүүрс тараалаа. Гэтэл тэрийг АН-ын харьяатай, эсвэл сонгуулиар АН-ын сурталчилгаанд гүйж байсан хүмүүс л авч байх жишээтэй. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг бас АН-ын харьяалалтай хүмүүст тэр нэгжээ өгсөн шүү дээ. Ийм байж болохгүй. Энэ бол их буруу үзэгдэл, хэн ядарсан, халамж дэмжлэг шаардлагатай байгаа тэр хүн л очоод авч байдаг системд шилжих ёстой. Ер нь хууль тогтоож байгаа УИХ-ын гишүүн, эсвэл гишүүн болохыг горилж байгаа хүмүүс ийм хууль бус үйлдэл хийж байгаа бол цаашд үнэн шударга ажиллах, зөв хууль батлах эсэх нь эргэлзээтэй.

-Эрүүл мэндийн үйлчилгээнд хэр их дэвшил гарч байх юм. Нэг үеэ бодоход хороо болгон л шинэ өрхийн эмнэлгийн байртай болоод байгаа шүү дээ?

-Захын гэр хорооллын иргэдийн эрүүл мэндийн асуудал хүнд байна. Манай хорооныхон автобусанд суугаад хотын төв орж үйлчлүүлнэ гэвэл 25 км явна. Өнөөх маягтаа бариад очихоор очер нь дийлдэхээ байчихна. За, дугаарлаад нэг юм хүрэхэд шинжилгээ өг гэнэ, шинжилгээ өгөх гэхээр тэд хоногийн дараа ир ээ гэдэг. Энэ асуудлыг иргэд маань бараг өдөр орж ирж хэлдэг, ярьдаг, бухимддаг. Нэг ёсондоо бид чинь алслагдсан хөдөөгөөс ялгаагүй болчихоод байна. Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхаарахгүй бол болохгүй байна аа. Хэдийгээр хороод дээр өрхийн эмнэлэг байлаа ч гэсэн тоног төхөөрөмж, эмч нарийн мэдлэг чадвар, дадлага туршлагад анхаарахгүйгээр дэвшил гарахгүй шүү дээ. Нарийн мэргэжлийн, дадлага туршлагатай эмч нар хэрэгтэй байна. Үнэхээр захын хорооллын эрүүл мэндийн үйлчилгээ сайжирчихвал иргэд маань заавал хотын төв рүү явж мөнгө хөрөнгө, цаг хугацаа эрүүл мэндээ алдаад байхгүй. Нөгөө талаар томоохон эмнэлгүүдээ хотын зах руу гаргаж өгөхгүй болохоор хотынхоо төв төвлөрөөд байна.

-Баруун салаанаас Ар гүнт рүү холбох асуудал яригдаад байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Миний яриад байгаа дүүргийн арын далангийн замыг Баруун салаа руу холбоод өгөөч гээд байгаа чинь үндсэндээ цаашаа явсаар Ар гүнтээр даваад Партизаны сангийн аж ахуйтай холбох зам юм уг нь. Энэ зам бол цаг үеэ олсон зөв ажил л даа. 21 дүгээр хорооноос 60 км явах уу, 25 км яваад ирэх үү гэдэг ялгаатай зүйл. Тиймээс энэ асуудлыг гадна дотны төсөл хөтөлбөр, зээл тусламжаар ч хамаагүй шийдвэрлэчихвэл 21, 25 дугаар хорооны 20 гаруй мянган иргэний амьдралд их л хэрэг болно доо.  

Танд баярлалаа


2015-11-17 18:16

Сэтгэгдэл ачааллаж байна ..