Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Д.МЯГМАРСҮРЭН:21 ДҮГЭЭР ХОРОО МАЛЫН БЭЛЧЭЭРГҮЙ БОЛЧИХООД БАЙНА

2015-11-19 18:30

Төлөөлөгч ярьж байна

“Төлөөлөгч ярьж байна” буландаа энэ удаад дүүргийн хамгийн алслагдсан хороо, хуучнаар Партизаны сангийн аж ахуй хэмээн нэрлэгддэг байсан 21 дүгээр хороо, Жаргалант тосгоноос ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Д.Мягмарсүрэнг урьж ярилцлаа. Тэрбээр 2013 онд дүүргийн “Шийлдэг Төлөөлөгч”-өөр шалгарч байсан юм.

-Тэгэхээр дүүргийн хамгийн алслагдсан хорооны иргэд маань төрийн үйлчилгээнээс хоцрох юм уу, гайгүй юу?

-Харин ч гайгүй шүү. Нэг үеэ бодоход нийслэлтэй хар замаар холбогдчихлоо. Манай хороо чинь Улаанбаатар хотоос 55 км, хамгийн алслагдсан бригад төвөөсөө 25-30 км явж хүрдэг, 11 хэсэгтэй. Ер нь бол төрийн болон бусад үйлчилгээ саадгүй хүрч байгаа шүү. Иргэдээс төрийн үйлчилгээтэй холбоотойгоор хороон дээрээ газар зохион байгуулагч ажиллуулаач гэсэн хүсэлт, саналыг л их хэлдэг. Үүнээс бусдаар гайгүй дээ.

-Тэгэхээр сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. 21 дүгээр хорооны иргэдийн төлөөлж буйнхаа хувьд ямар ажлыг хийж амжуулав?

-Миний зүгээс 2012 онд намын мөрийн хөтөлбөрийг үндэслэл болгож сонгуульд оролцсон. Нэг ёсондоо намынхаа мөрийн хөтөлбөрийн хүрээнд дүүрэгтээ хийх ажилд 21 дүгээр хороонд хийх ажлуудаа  тусгасан юм. Тодорхой ажлууд хийгдсэн.  “Шийдэл” төслийн хүрээнд тодорхой иргэдийн газрын асуудлыг шийдсэн байгаа. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, газар төлөвлөлтийг оновчтой зохион байгуулах тал дээр нэлээд анхаарал хандуулж ажиллалаа. Мал услах усан сангуудыг барьж ашиглалтад оруулсаны дүнд усан хангамж сайжирсан. Хар замтай болчихлоо. Жаргалант тосгоыхоо төв дээр хураад ашиглагдахаа байсан хоёр ч барилгыг сэргээлээ. Хийгдээгүй үлдээд байгаа ажил гэвэл Нарийн шар хаданд цэцэрлэг барина гэсэн маань л ажил болоогүй байна даа.

-Нарийн шар хадны цэцэрлэг барина гэснээс 21 дүгээр хороонд цэцэрлэгийн асуудал бусад хороодыг бодвол хүрэлцээтэй байдаг байх?

-Жаргалантын төв дээрээ цэцэрлэг байрладаг болохоор Нарийн шар хад зэрэг алслагдсан газраас хүүхдүүдээ зөөдөг малчдад хүндрэлтэй байгаа юм. Хоёр бүлгээр хичээллэдэг 24 цагаар ажилладаг цэцэрлэг нь хүүхэд олонтой. Одоо нэмээд 24 цагийн анги нээчихвэл малчдын хүүхдийг авах боломжтой болох юм.

-Дотуур байр байдаг байх. Хичнээн хүүхэд авч байна вэ?

-74 дүгээр сургуулийн 80 хүүхдийн нормтой дотуур байранд одоогоор 100 гаруй хүүхэд аваад байгаа.

-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар та хөндлөө. Үнэхээр ч 21 дүгээр хорооны хувьд нийслэлийн сүүний тодорхой хувийг нийлүүлдэг байх. Тэгэхээр энэ төрлийн хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд маань тэрийн дэмжлэг хэрэгтэй байх юм уу. Газар олголт замбараагүй явагдсанааас бэлчээргүй болчихоод байна гэсэн зүйл яригдаад байсан?

-Уг нь 21 дүгээр хороог эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлалын бүс болгох талаар улс, нийслэлийн удирдлагууд ярьдаг. Тэгсэн хэрнээ нийслэлийн цахим газар өмчлөл гээч зүйлээр дамжуулж ам бүрт дугуй мод хатгачихлаа. Энэ асуудлыг би удаа дараа дүүргийн түвшинд тавьсан. 21 дүгээр хорооны Ар шижир, Сайр, Тахир соёо, Өндөр хаан, Жаргалант руу цахимаар газар өмчлүүлж, хашаалаад бэлчээрийн даац  хэтэрсэн. Нэг ёсондоо ам ажилд хоёрын зөрүү ямар байгаа нь эндээс харагдаж байгаа юм.

-Ер нь танай хорооны иргэдийн хэдэн хувь нь мал аж ахуй эрхэлж байна вэ?

-1500-аад өрхийн 800-аад өрх нь сүүний чиглэлийн аж ахуй эрхэлж амьдралаа авч яваа хүмүүс л л дээ. 5-аас 50 орчим үхэртэй айл өрхүүд байна. Сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн хөнддөг гол асуудал нь тэжээлийн үнийг бууруулах, хадлангийн талбайн чиглэлээр бусад аймгуудтай гэрээ хийе гэсэн саналууд гардаг. Тэжээлийн үнийн тухайд яриад бол нэмэргүй юм билээ. Сүүний үнийг нэмэгдүүлэх талаар томоохон аж ахуй нэгжүүдтэй уулзаж, ярилцаж үзсэн. Тэд юу гэдэг вэ гэхээр зах зээлийн жамаараа явна, сүүний үнийг нэмэх, тэжээлийн үнийг бууруулах боломжгүй л гэж хариулдаг. Орхон, Орхонтуул, Хэнтийгээс хандлангаа авч байна. Энэ жил өвсний үнэ харьцангуй өндөр ирж байна. 4500-5500-ийн хооронд, тэжээл нь 10000-12000 төгрөгийн үнэтэй л байна даа. Миний бодож байгаа зүйл бол төрийн бодлогоор тэмжээлийн үнийг жаахан хяналттай анхааралтай баймаар л санагддаг юм.


-Та дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийнхөө хувьд энэ удаагийн сонгуулийн жилд “ангийн нөхөд”-өө хэр сайн ажилласан гэж үзэж байгаа вэ. Амьдралд нийцтэй бодлого шийдвэр гаргаж чадсан уу?

-Ажиллах ёстой, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж, тодорхой зорилго зорилт тавиад түүнийгээ тодорхой хэмжээнд биелүүлж ажиллаж байгаа гэж харж байгаа. Миний хувьд Санхүү, эдийн засгийн хорооны Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар ажилладаг. 2013-2015 онд миний сэтгэлд нийцэхгүй зүйл байдаг юм. Тухайлбал, төсвийн мөнгийг зориулалтын бус тэтгэмж хэлбэрээр тараахын эсрэг байдаг. Төсвийн хүрээнд Засгийн газар нь хүртэл бүсээ чангалъя гэж байгаа нөхцөлд хэмнэлттэй ажиллая гэсэн байр суурийг баримталдаг. Төсвийн хяналтын дэд хорооны даргын хувьд бид ажлын хэсэг байгуулаад дүүргийн төсөвт байгууллагуудын төсвийн зарцуулалтыг жилд хоёр удаа шалгадаг.

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлыг танай хорооноос Төлөөлөгчид гарч шалгалт хийсэн. Шалгалтын явцад ололттой болоод алдаатай талууд нь юу байв?

-Орон нугийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил хороод дээр адилхан. Худаг, ус, гэрэл цахилгаан гэсэн зүйлст зарцуулагдаж байгаа. Минийхээр ингэж таслаж хороодод хувиарласанаар үр дүнд хүрээгүй гэж хардаг юм. Худаг баригдсан, гудамжны гэрэлтэй болсон. Манай хорооны хувьд нэг тоглоомын талбай баригдсан. Тэр нь үнэндээ 40 гаруй сая төгрөгөөр хийсэн гэхэд бол хэцүү, хуучин цэцэрлэгийн хашаанд, хуучин гэмээр тоглоом авчираад тавьчихсан. 50 гаруй сая төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэн байгуулсан л гэнэ. Харахад хийсэн юм шиг хэрнээ санаанд хүрэхгүй зүйл их байгаа. Тэгэхээр хөрөнгө ингэж үр дүн муутай юманд тарамдаж байхаар нэгтгээд дүүрэгт хэрэгтэй нэг том юм хийвэл илүү хэрэгтэй. Нэг хороог бүтэн гэрэлтүүлсэн ч болно шүү дээ. Тэгэхгүй олон жижиг юманд зарцуулж, тендер нэрийн дор тал мөнгө нь завшигдаж байна гэж үзэж байгаа. Тэгээд хийгдсэн жижиг ажлууд нь эргээд хяналт байхгүй үр дүн муутай, хайран л юм гэж бодох юм.

-Танай хороонд тог цахилгаангүй айл өрхүүд олон уу?

-Малчин айлууд бол мэдээж тог цахилгаанаа өөрсдийнхөө хүрээнд шийдчихнэ. 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны хувьд цахилгаан эрчим хүч нь төв аймгийн эрчим хүчний салбарт харьлагддаг. Тэгэхээр хөрөнгө оруулалт нь төв аймагт ч, дүүрэгт ч хөрөнгө оруулалт хийгддэггүй. Нэг трансформатор нэмэгдүүлэх болоход төв аймаг өөрийнхөө нутаг дэвсгэр, сумандаа зориулна уу гэхээс манайд өгнө гэж байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг цэгцлэх гэж Зуунмод хот, нийслэл рүү аль аль руу нь тавьдаг ч шийдэгдэггүй. Уг нь өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт харьяалагддаг байсан.

-Таныг хэд хэдэн хурал дээр Сонгинохайрхан дүүргийн хилийн цэсийн асуудлыг хөндөж байхыг сонсч байсан. Энэ ямар учиртай юм бэ?


-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны хилийн цэсийг тодруулах шаардлага байгаа. Төв аймгийн Баянцогт, Баянчандмань, Борнуур, Батсүмбэр зэрэг сумдуудтай манайх хэллэдэг. Малтай улсууд нь манай нутаг дэвсгэр дээр өвөлжөө бариад, ферм байгуулаад Төв аймгаасаа газрын зөвшөөрөл авчихсан байдаг. Ялангуяа Баянчандмань, Баяцогт, Батсүмбэрийн ойролцоох хил заагийн асуудал болж өгөхгүй л байна даа. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол их иргэдийн дунд маргаан гардаг. Ер нь бол энэ чинь ганцхан манай хорооны биш нийслэлийн хил хязгаарын асуудал шүү дээ, уг нь.

Танд баярлалаа 


2015-11-19 18:30

Сэтгэгдэл ачааллаж байна ..